
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна.
-Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Тариалан эрхлэгчдэд дизель түлшээ хямдралтай тарифаар олгох юм байна. Гэхдээ талх, гурилыг хот хооронд тээвэрлэх машин дизель түлшээр явж таарна. Тэгэхээр намар гурил, талхны үнэ нэмэгдэнэ ээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ намрыг яаж харж байгаа вэ?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдал хүнсний барааны үнэ, нийлүүлэлт гээд олон зүйлд төвөг учруулж байгаа нь үнэн. Монгол Улс дотооддоо хүнснийхээ хэрэгцээг хангах “Хүнсний хувьсгал”, “Атар-4” гээд олон аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аяны хүрээнд хаврын тариалалтыг саадгүй явуулахын төлөө хичээж байна. Тэр дундаа намрын улаан буудайн үнэ, цаашдлаад гурилын үнэ, талхны үнэд нөлөөлдөг газар тариалангийн салбарын үнийн өсөлтөөс хамгаалахын тулд нэг литр дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлж байгаа. Энэ ажил маань дөрөвдүгээр сарын 15-нд буюу маргаашнаас зогсоно.
Намрын ногоо, тариа хураалтын үеэр бидэнд 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй. Тиймээс намрын үнэ өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигдхэн сайхан эхлүүлээд, намрын үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны нөөцийн асуудал руугаа орохоор төлөвлөж байна. Санхүү мөнгөнийхөө асуудлыг судалж байна.
Өнгөрсөн хавар Монгол Улсын газар тариалангийн салбар хүнд цохиолт авсан. Ган гачиг гээд олон зүйлээс болоод бид идэх төмснийхөө 50 хувийг алдсан. Жишээ нь Монгол Улсын төмсний 60 хувийг хангаж буй Төв аймгийн Жаргалант сум гэхэд төмсний үрний асуудад орчихсон. Тариаланчдад үүсээд буй энэ хүнд зовлонг давахын тулд үүлэнд зориудаар нөлөөлөх /пуужин/ арга хэмжээнд сайдын багцаас 350 сая төгрөг гаргаад, худалдан авалтууд зарлаж байгаа.








