
Найман настай Мохаммед Асмин ХДХВ-ийн халдвар авсан гэж оношлогдсоныхоо дараахан өвчний улмаас өөд болжээ. Түүний эгч 10 настай Асма ч мөн ХДХВ-ийн халдвартай гэж оношлогджээ.Мохаммед Асмин, Асма хоёрын гэрийнхэн хүүхдүүд нь Пакистаны Панжаб мужийн Тонса хотод байрлах улсын эмнэлэгт эмчлүүлж байхдаа бохир тариурын зүүнээс ХДХВ-ийн халдвар авсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мохаммед Асмин, Асма хоёр 2024 оны 11-р сараас 2025 оны 10-р сарын хооронд ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдсон 331 хүүхдийн төлөөлөл юм.
Эрэн сурвалжлах баримтат киногоор дагнасан BBC Eye хэлтсийн сэтгүүлчид 2025 оны сүүлээр Тонса хотын төрийн өмчит эмнэлэгт нууц камерын тусламжтай бичлэг хийж, нууц сурвалжилга бэлтгэжээ. Сурвалжилга бэлтгэх явцдаа сэтгүүлчид тус эмнэлэгт нэг удаагийн тариурыг олон дахин ашиглаж буй 10 тохиолдлын гэрч болсон байна.
Эмнэлгийн хананд тарилгыг зөв хийх дараалал, тарилга хийхдээ дагах дүрэм журмыг харуулсан зурагт самбарууд өлгөөтэй байсан ч эмнэлгийн ажилчид тэр дундаа эмч өвчтөнүүдэд тариа хийхдээ нэг удаагийн бээлий өмсөөгүй 66 тохиолдол BBC Eye-н камерын дуранд буужээ.
Түүнчлэн сувилагч нэг удаагийн бээлийгүй эмнэлгийн хог хаягдлын савыг гараараа ухаж байсантай таарсан нь эмнэлгийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчсөн явдал байжээ.
Тонса хотод хувийн эмнэлэг ажиллуулдаг Гюль Кайсрани эмч анх 2024 оны сүүлээр түүний эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн дунд ХДХВ-ийн халдвартай хүүхдүүдийн тоо их байгааг анзаарч, тэдгээр 70 хүүхдийн 65 нь Тонса хотын төрийн өмчит эмнэлэгт өмнө нь эмчлүүлж байсан хүүхдүүд байсныг тогтоожээ. Гюль Кайсрани эмчид хүүхдээ үзүүлэхээр ирсэн ээж Тонса хотын улсын эмнэлэгт түүний охин болон бас бус хүүхдүүдэд тарилга хийхдээ сувилагч ХДХВ-ийн халдвартай үеэлийг нь тарихдаа ашигласан тариураар тарьсан тухай дурджээ.
Сэтгүүлчид Тонса хотын эмнэлэгт хийсэн бичлэгээ тус эмнэлгийн шинэ удирдлагуудад үзүүлсэн ч эмнэлгийн удирдлагууд тус бичлэг нь тавилттай байж болзошгүй хэмээн, үнэн бодит байдалд нь эргэлзэж буйгаа илэрхийлэн, эмнэлэгт нь гарч буй зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.
Панжаб мужийн ДОХ өвчнийг илрүүлэх хөтөлбөр, хувийн эмнэлгүүд болон хууль сахиулагчдаас авсан мэдээллээр BBC-гийн сэтгүүлчид ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдсон 331 хүүхдүүдийн 97-гийнх нь гэр бүлийнхнээс шинжилгээ авчээ. Шинжилгээгээр тэдгээр хүүхдүүдийн зөвхөн 4 нь л ээжээсээ ХДХВ-ийн халдвар авсныг тогтоосон байна.
Харин Панжаб мужийн ДОХ өвчнийг илрүүлэх хөтөлбөрийнхөн дээрх 331 хүүхдийн талаас илүү хувь нь бохир зүүнээс халдвар авсан гэж үзжээ.
2025 оны 3-р сард Панжаб мужийн удирдлагууд Тонса хотын эмнэлгийн даргыг ажлаас нь халсан ч халагдсан эмч Тонса хотын захын эмнэлэгт ахлах эмчээр ажилласан хэвээр байгааг BBC-гийн сэтгүүлчид олж тогтоожээ.
2025 оны 11-ээс 12-р сард Тонса хотын эмнэлэгт нууц сурвалжилга хийх явцдаа BBC-гийн сэтгүүлчид шинэ тариур болон шинээр задалсан эм тариаг бохир тариур, хог хаягдалтай нэг ширээн дээр тавьсан байгааг, сувилагч хэрэглэсэн тариурыг өөр өвчтөнд дахин хэрэглэж буй зөрчлүүдийг удаа дараа ажиглажээ.
Пакистан улсын эмнэлгүүдэд эмчилгээний явцад өвчтөнүүдэд тарилга голчлон хийдэг бөгөөд ард иргэд нь ч өөрсдөдөө болон хүүхдүүддээ тарилга, дусал тариа хийлгэхийг илүүд үздэг аж.
Тус улсын эмнэлгүүдэд халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөнөөс болж олон тооны хүүхэд халдварт өвчнөөр өвдсөн тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байсан ба 2019 онд Синдх мужийн Ратодеро хотод олон зуун хүүхэд ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдож байжээ. Түүнээс хойш 2021 он гэхэд тус хотод ХДХВ-ийн халдвартай хүүхдүүдийг тоо 1500 болтлоо өсөж, одоо ч нэмэгдсээр байгаа аж.








