
Хэн бүхний сайн таних “Баавгайтай чихэр”. “Баавгайтай чихэр”-т асуулт байна. Бид тантай гадаа гудамжинд, магад гадаадад ч таарч мэднэ.
Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Төрийн ордноос бэлтгэлээ. Ард түмэн улстөрчдөд асуулт тавив. Тэдгээрт хэн, хэн хэрхэн хариулав.
-Ломбардад юм тавьж үзсэн үү?
-УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Үзсэн юм байна. Оюутан байхдаа юм тавьж үзсэн. Ямар зорилгоор юм тавьж байснаа санахгүй байна. Ангийнхаа гурав, дөрвөн хүүхэдтэй нийлээд юм тавьж байсан санагдаж байна.
-Таны өмсөж яваа гутал ямар брэндийнх вэ?
-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: BORSE MORGAN гэнэ ээ. Улаанбаатар их дэлгүүрээс 370 мянгаар авч байсан санагдаж байна.
-Юунд хамгийн их мөнгө зарцуулж байна вэ?
–Дөрвөн хүүтэй айл чинь хүнсэнд л зарцуулна шүү дээ. Би тийм материалист биш шүү дээ. Гэхдээ энүүгээрээ нэг их уралдаад байх юм биш л дээ. Хүн өөртөө байгаа орлогодоо тохируулаад юу ч өмсөж, юу ч эдэлж болно шүү дээ. Орлогодоо л захирагдаж амьдарна шүү дээ. Хэзээд л тийм байсан. Телевизэд нэвтрүүлэг хийдэг байхдаа өндөр орлоготой. Тэр үедээ гоё сайхан машин унаж, эхнэртэйгээ гадагшаа аялдаг байлаа. Одоо ч тэр нь багасах маягтай. Хүн ер нь тэгээд орлогодоо тохируулж амьдарна. Түүнээс биш үнэтэй юм өслөө гээд муу хүн, хямд юм өмслөө гээд ардын баатар болчихгүй.
-Гишүүний цалин амьдралд хүрэлцэж байна уу?
–Хүргэнэ шүү дээ. Цалин бага байна гээд гоншигнох байсан юм бол яах гэж энэ ажлыг хийсэн юм. Тийм биз дээ. Байгаа, байгаа нөхцөлдөө таараад л амьдарна.
-Орой ихэвчлэн ямар хоол хийж иддэг вэ. Танай гэр бүлийн тансаглал юу вэ?
-УИХ-ын гишүүн Д.Ганбат: Орой нэг их юм идэхгүй байгаа л даа. Өглөө, өдөр л хоол иддэг. Орой тараг л ууж байгаа. Манай гэр бүлийн хувьд тансаглал гэдэг гэр бүлээрээ л хамт байх.
-Сард хоолонд хэдэн төгрөг зарлагаддаг вэ?
-Өдрийнхөө хоолыг заримдаа гэрээсээ хийгээд ирнэ. Сард 300 мянгыг хоолонд зарлагаддаг.

-Улсын эмнэлэгт хэвтэж үзсэн үү?
-УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Үзэлгүй яах вэ. Өнгөрсөн жил Хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн. Бас аавыгаа сахиад Гуравдугаар эмнэлэгт хэд хоног хэвтсэн. Улсын эмнэлгийн эмчилгээний чанартай юу ярих билээ. Мэргэшсэн эмч нар ажилладаг. Манай сувилагч, асрагч нар хүний төлөө сэтгэлтэй. Хамгийн гол нь энэ хүмүүсийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл дээр төсөв, хөрөнгө хангалтгүй байгаа нь харагддаг. Улсын эмнэлэгт хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг хувийн эмнэлэгтэй зүйрлэхээргүй л болчхоод байна л даа.


-Хамгийн сүүлд хэзээ автобусанд суусанд бэ?

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхэд би автобус бааз дээр очихдоо автобусанд суугаад хоёр буудал явж байсан.


-УИХ-ын гишүүд баар ордог уу. Хаагуур шоуддаг вэ?

-УИХ-ын гишүүн Б.Найдалаа: –Би баар ордоггүй. Хааяа л караоке л ордог.


-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих үү?

-УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Б.Жаргалан гишүүн УИХ-ын даргын хувьд Монголын парламентын засаглалыг хэрхэн хамгаалах вэ гээд их тодорхой асуулт асуусан. Энэ асуултад хариулах явцад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Би чамд хуурамч дүн тавьсан” гэж сүрдүүлж байна. Энийг ёс зүй гээд байгаа юм. Эхлээд А.Бямбажаргал хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ Монгол Улсад юу болоод байгаа юм. Хэн нь дээр нь гараад суучихсан юм. Энэ хуулийг бид орж ирсэн хэлбэрээр нь батлах юм бол улс төрийн нам Монголын парламентын дээр гарна. Намаа атгаж байгаа Ерөнхийлөгч нь шууд удирдана. Ийм аюултай. Дээр нь ҮХЦ-ийн асуудал яригдана. Цэц яг бие даасан байгууллага байж чадах уу.
-Чадаж байгаа юу?
-Чадахгүй шүү дээ. Цэцийг томилж байгаа томилгоо асар их асуултай байгаа. Жишээлбэл, Цэцийг томилохдоо олон нийтийн хэлэлцүүлгээр орж, санал хураалтаар гарч ирээд, парламентад танилцуулагдаж, томилогддог байвал нэг өөр хэрэг.
Мөн Засгийн газрын гишүүддээ яаж хариуцлага тооцох юм гэдгээ тодорхой болгох учиртай. Шалгагдаж байгаа хүмүүс сайдаар ажиллаж байна. Юун ёс зүй, давчихсан байгаа биз дээ.
М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал үүссэн гэж би хувьдаа харахгүй байгаа. Хэлсэн үгнээсээ буцдаг, амлалтаасаа няцдаг, сонгуулиар ярьж байсан зүйлийнхээ яг эсрэг хөдөлдөг. Хэн нэгэн өндөр албан тушаалтны нөлөөнд автдаг. Бүлэглэлийг төлөөлдөг. Томоохон мөнгөний хэрэгт холбогддог хүнийг л ёс зүйгүй гэх байх. Түүнээс биш сошиалаар хэн нэгэнтэй хэрүүл хийсэн тухай асуудлыг яриад эхлэх юм бол бүтэхгүй л дээ. Тийм учраас Ёс зүйн дэд хорооны ажил улам эрчимжих хэрэгтэй. Аливаа асуудлыг хэлэлцэж болно. Харин эцэг, эх, холбогдсон эрчүүд, эмэгтэйчүүдтэй нь холбоотой шийдвэр гаргана гэдэг яагаад ч байж болохгүй.Төрийн хэрэг төрийн хэргээрээ үлдэх учиртай.

-Гадагшаа явсан залуусаа ямар бодлогоор нааш нь “татах” вэ?
-УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Сүүлд харсан тоогоор 300 мянга орчим монгол иргэн гадаадад амьдарч байна. Ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа насны хүмүүс нь 200 мянга орчим байна лээ. Жил бүр 10 мянган залуус гадагшаа явж байгаа. Оюутнуудаа оролцуулбал энэ тоо мэдээж нэмэгдэнэ. Энэ залуус маань Монголдоо буцаж ирээд ажиллаасай гэж боддог. Миний хувьд ч тийм зорилго, зорилттой Японд сурч, ажилласан. Гадагшаа явсан залуусаа Монгол руугаа татах гол аргачлал нь юу вэ гэхээр ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Хэн нэмэгдүүлж чадах вэ гэхээр хувийн хэвшлүүд нэмэгдүүлж чадна. Сайдын хүрээнд хийх ёстой ажил болов уу гэж боддог. Жишээлбэл, E-Mongolia-д ажлын байрны зар нээлттэй байдаг. Гэхдээ гадаадад сурч, ажиллаж байгаа залуучууд маань эргэж ирээд ажиллая гэхээр холбож өгөх боломжууд нь бага байдаг юм болов уу гэж боддог. Тэгэхээр Гадаад харилцааны сайд, Эдийн засаг хөгжлийн яамны сайд нар маань хамтраад, гадаадад байгаа Элчин сайдын яам дээр Монголд зарлаж байгаа ажлын байрнуудын мэдээллийг өгч, холбох гүүр нь болох хэрэгтэй.
НЭВТРҮҮЛГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ ХОЛБООСООС ҮЗНЭ ҮҮ:










Баавгайтай чихэр идмээр снагдуулж байна.
Гоё нэр байна💫