
Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд бичжээ.
Түүний уг мэдэгдлийн дараа Ираны Аюулгүй байдлын дээд зөвлөл ч мөн галаа зогсоохыг зөвшөөрсөн болохоо мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Д.Трамп Тегеран олон улсын зах зээл дээр борлуулагдаж буй нийт газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн 20 орчим хувь нь дамжин тээвэрлэгддэг Ормузын хоолойн хөдөлгөөнийг лхагва гараг гэхэд нээхгүй бол АНУ Ираны зам гүүрнүүд, эрчим хүчний станцууд зэрэг иргэний дэд бүтцүүдэд цохилт үзүүлж, иранчуудыг газрын хөрснөөс арчина хэмээн анхааруулаад байсан юм.
АНУ-ын төрийн тэргүүний мэдэгдсэнээр тэрээр Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Пакистаны хуурай замын зэвсэгт хүчний тэргүүн Асим Мунир нартай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд ийнхүү галаа зогсоох шийдвэрт хүрчээ.
Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр Тегеран АНУ-д Ираны дайныг дуусгахад туслах 10 заалт бүхий энхийн төлөвлөгөөг илгээсэн ба хоёр долоо хоног галаа зогсоох нь зөвшилцөлд хүрч, Ойрх Дорнодод урт хугацааны энхийг тогтооход шаардлагатай хугацаа аж.
Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд Ираны Аюулгүй байдлын дээд зөвлөлийн зүгээс галаа зогсоохыг зөвшөөрсөн болохыг баталж, Ираны зүгээс АНУ-д тавьсан шаардлагуудыг нийтэлжээ.
Үүнд хоёр улс галаа зогсоох, Иран улс Ормузын хоолойн хяналтаа хадгалж үлдэх, Иран улсад уран баяжуулалтаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөх, Ираны эсрэг тогтоосон анхдагч болон хоёрдогч бүх хоригийг цуцлах, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан бүх тогтоолуудыг хүчингүй болгох, НҮБ-ын Олон Улсын Атомын эрчим хүчний агентлагаас гаргасан бүх тогтоолуудыг хүчингүй болгох, Иранд нөхөн төлбөр олгох, бүс нутгаас АНУ-ын цэргүүдийг гаргах, дайныг бүх фронтод зогсоох, Ливан дахь Хезболла бүлэглэлд үзүүлж буй цохилтуудыг зогсоох зэрэг заалтууд багтжээ.
Тегераны зүгээс хоёр долоо хоногийн дотор Ормузын хоолойн хөдөлгөөнийг хэвийн болгоно гэж амлаад байгаа ба дайсны талаас өчүүхэн төдий алдаа гаргавал эсэргүүцэлтэй тулна гэдгийг анхааруулжээ.
АНУ, Иран хоорондын яриа хэлэлцээ ирэх баасан гарагт Исламабад хотод эхлэх аж.
Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдлийн дараа олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурчээ. Brent маркийн газрын тосны үнэ 15.9 хувиар буурч, нэг баррель нь 92.30 ам.доллар, Америкийн газрын тосны үнэ 16.5 хувиар буурч, нэг баррель нь 93.80 ам.доллар болсон байна.
Гэсэн ч газрын тосны үнэ өндөрт тооцогдсон хэвээр байна. Ираны дайн эхлэхээс өмнө нэг баррель газрын тосны үнэ 70 орчим ам.доллар байсан юм.
Европын холбооны Эрчим хүчний комиссар Дэн Йоргенсен өнгөрсөн 7 хоногт Ираны дайн ойрын хугацаанд дууссан ч шатахууны үнэ хэсэгтээ буурахгүй гэдгийг анхааруулсан билээ.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News








