
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран Ормузын хоолойн хөдөлгөөнийг мягмар гараг гэхэд нээхгүй бол Вашингтон Ираны стратегийн чухал дэд бүтцүүдэд шийдэмгий цохилт үзүүлнэ хэмээн анхааруулжээ.
Тэрээр өнгөрсөн ням гарагт өөрийн нийгмийн сүлжээнд ирэх мягмар гарагт Вашингтон Ираны цахилгаан эрчим хүчний станцууд, зам гүүрнүүдэд нэгэн зэрэг цохилт үзүүлэх болно хэмээн бичжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын уг мэдэгдлийн дараа ням гарагт түүхий газрын тосны үнэ огцом нэмэгдсэн байна. Brent маркийн газрын тосны үнэ 2 хувиар өсөж, нэг баррель нь 111.25 ам.доллар болсон бол АНУ-ын газрын тосны үнэ 3 хувиар өсөж, нэг баррель нь 114.54 ам.доллар болж нэмэгджээ.
Хамгийн сүүлд ОХУ Украин руу довтолсны дараа 2022 оны зун АНУ-ын газрын тосны үнэ 115 ам.долларыг давж байв.
Ираны Зэвсэгт хүчний жанжин штаб Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдлийн хариуд бүс нутгийн газрын тосны болон иргэний дэд бүтцүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлнэ гэдгээ анхааруулжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








