
ХААИС-ийн багш, дасгалжуулагч Б.Оюун: “Сургууль бүр шилдгүүдээ илгээж, оюутны наадам дээд түвшний өрсөлдөөнтэй эхэлж байна”
Монголын Оюутны Спортын VII наадмын ширээний теннисний тэмцээн 04 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд “Оч” клубт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 17 их, дээд сургуулийн эрэгтэй 43, эмэгтэй 29 нийт 72 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргасан билээ. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ХААИС-ийн багш дасгалжуулагч болон тамирчны төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Монголын оюутны спортын наадам нь их, дээд сургуулиудын тамирчин залуусын ур чадвар, бэлтгэл сургуулилт, багийн зохион байгуулалтыг бодитоор шалгадаг томоохон сорилт болсоор ирсэн. Жил ирэх тусам оролцогчдын чанар сайжирч, сургуулиуд тамирчдаа илүү системтэй бэлтгэх болсон нь тэмцээний өрсөлдөөнийг шинэ шатанд гаргаж байна. Энэ удаагийн VII наадам ч мөн адил спортын олон төрөлд шилдэг тамирчид нэг дор цугларч, ур чадвараа сорин өрсөлдөж буйгаараа онцлог юм. Ялангуяа их, дээд сургуулиуд зөвхөн оролцоход бус амжилт гаргах зорилготойгоор баг тамирчдаа урьдчилан төлөвлөж, бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангаж буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Ийнхүү спортын 14 төрлөөр өрнөж буй оюутны наадамд сургуулиудын төлөөлөл болсон шилдэг тамирчид өрсөлдөж байгаа талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн ахлах багш Б.Оюуны байр суурийг хүргэж байна. Монголын оюутны спортын VII наадам спортын 14 төрлөөр үргэлжилж байна. Манай Хөдөө Аж Ахуйн их сургууль спортын бүх төрөлд оролцохоор тамирчдаа бэлтгэн, бэлтгэл сургуулилтыг бүрэн хангаад байна. Миний хувьд ширээний теннисний тэмцээнийг хариуцан ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 72 тамирчин өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн. Манай сургуулиас 3 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчин оролцож байна. Сургууль бүр шилдэг тамирчдаа илгээсэн учраас өрсөлдөөн маш өндөр түвшинд явагдах болов уу гэж харж байна. Тэмцээнд оролцож буй нийт тамирчид, багш дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.

Монголын оюутны спортын VII их наадам энэ сарын 04-05-ны ДХИС-ын спорт зааланд явагдаж дүнгээ гаргасан. Тэгвэл дараагийн тэмцээн чирлидингийн төрлөөр энэ сарын 08-ны өдөр үргэлжилнэ.


М.Тэмүүлэн: Монголын оюутны спорт их наадмаас 1 мөнгөн медаль, хоёр алтан медаль хүртэж байсан
Монголын оюутны спортын томоохон наадамд өрсөлдөөн жилээс жилд ширүүсч, шигшээ багийн залуу тамирчид оюутны ангилалд хүч сорих болсон нь тэмцээний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд туршлага, ур чадвар, сэтгэлзүйн бэлтгэл гурвын тэнцвэрийг хадгалж чадсан тамирчин л амжилтад хүрэх боломжтой. Энэ удаа бид Монголын шигшээ багийн тамирчин, спортын мастер, Үндэсний Биеийн Тамирын Их Сургуулийн оюутан М.Тэмүүлэнтэй уулзаж, түүний тэмцээний оролцоо, амжилт болон сүүлийн жилдээ тавьж буй зорилгынх нь талаар ярилцсанаас онцлон хүргэж байна.
-Энэ тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Би энэ тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож байна.
-Тэмцээний зохион байгуулалтын талаар ямар сэтгэгдэлтэй байна?
-Энэхүү тэмцээн “Оч клуб”-т гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Харин өмнөх жил “Сити” их сургууль дээр болсон.
-Энэ жилийн тэмцээний онцлог юу байна вэ?
-Энэ жил шигшээ багийн тамирчид оюутан болж орж ирсэн нь өрсөлдөөнийг илүү өндөр болгож байна.
-Өмнөх жилүүдэд ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Өнгөрсөн жилүүдэд оролцохдоо нэг мөнгөн медаль, хоёр алтан медаль хүртэж байсан.
-Энэ жилийн зорилгоосоо хуваалцвал?
-Сүүлийн жилдээ оролцож байгаа учраас аваргын алтан медаль авахыг зорьж байна.
-Бусад тамирчдад хандаж юу хэлэх вэ?
-Нийт тамирчиддаа хандаж хэлэхэд бэлтгэл сургуулилтаа сайн хийж, оюутан байх хугацаандаа тэмцээн бүртээ амжилттай оролцоорой гэж хүсье.
ХААИС-ийн багш, дасгалжуулагч Б.Оюуны ярилцлагыг үзэх линк:








