
Гадаадад олон жил сурч, эх орондоо ирээд өөрийн бизнесээ эхлүүлэхээр зориг шулуудсан ч ковидын хүнд үе олон хүний адил түүний төлөвлөгөөг нураажээ. Дэлхий нийтэд тохиосон тэрхүү сорилт Н.Наранцогтын хувьд ч амьдралын том эргэлт болсон байна. Тэрээр хувиараа эхлүүлсэн бизнесээ зогсоож, өр авлагын дарамттай нүүр тулсан ч бууж өгөлгүй, дахин эхлэх шийдвэрийг гаргасан нь өнөөдрийн түүхийн эхлэл байв.

Өдгөө тэрээр UBEats ХХК-д хүргэлтийн жолоочоор ажиллаж, хэрэглэгчдийн захиалсан хоолыг халуун, шуурхай хүргэх үүргийг гүйцэтгэж байна. Хотын хөдөлгөөн дунд цаг хугацаатай уралдан, заримдаа хэдхэн секундын дотор захиалгаа хүлээн авч, хүргэлтээ эхлүүлэх шаардлага гарна. Энэ ажилд хурд, хариуцлага, тэсвэр тэвчээр гурвын тэнцвэр хамгийн чухал.
Түүний хувьд энэ бол зүгээр нэг ажил биш. Гэр бүлээ авч явах, үр хүүхдийнхээ төлөө хичээх эцэг хүний үүрэг, айлын ноён нуруу байх хариуцлагын нэг хэсэг юм. Өдөр бүрийн хөдөлмөр нь өр зээлээ барагдуулах, амьдралаа тогтвортой болгох зорилготой шууд холбогдоно.


“Хүн ер нь ямар ч ажлыг сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Тэгж байж л утга учиртай болдог. Ажлынхаа гэгээлэг талыг олж харж чадвал илүү урамтай байдаг” хэмээн тэр нүүр дүүрэн инээмсэглэн ярьсан юм.
Хүргэлтийн жолоочийн ажлын давуу тал ч цөөнгүй. Цагийн хуваариа өөрөө зохицуулах боломжтой, хийсэн ажлаасаа хамаарч орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн, хөдөлгөөнтэй ажил тул нэг хэвийн бус өдөр тутамтай. Түүний хувьд энэ бүх боломж шинэ эхлэлийн суурь болжээ.


Амьдралд тохиох бэрхшээл бүр төгсгөл биш, харин өөр зам руу хөтлөх эхлэл байж болдгийг Н.Наранцогтын түүх харуулна. Тэрээр унасан ч босож, алдсан ч дахин бүтээж, яг одоогоор өөрт нь тохирох ажлаа олж чаджээ.


Эр хүний замын хүзүү урт. Ирээдүйд өөрийн гэсэн ресторан байгуулахыг мөрөөддөг гэнэ. Тиймдээ ч хоол хүргэлт хийх нь түүний хувьд судалгаа шиг л сонирхолтой байгаа гэж ярьж байлаа.








