
Хишиг продакшн байгуулагдаад 10 гаруй жил, харин тэд нэгдэн дуулж эхлээд дөрвөн жил болж буй.
Тэднийг Д.Хишигбаатар, А.Анхтөгөлдөр, Ж.Саруул-Эрдэнэ, Я.Төгс-Амгалан, Б.Эрдэмсайхан гэнэ.

Уул, усны, аав, ээжийн тухай сайхан дуунуудыг дуулж үзэгчдийн сэтгэлд хүрсэн тэдний анхны тайз Өвөрхангай аймгийн Уянга сум байв.
Дотроо тээж явсан нэгэн хүслээ биелүүлсэн таван залуу гурван гавьяатаасаа зөвшөөрөл авч эхнийхээ дууг нийтэлчихээд, догдлон дүүрэн тус сумыг зорьж.
Тал талд сандран, догдолж байх мөчид эхний дуу нь хэдийнээ сая гаруй хандалт авч анхны томоохон тайзан дээрээ нүүр бардам, алдаатай, оноотой ч анхныхаа гарааг эхэлж байжээ.
Ах, дүүгийн хүндлэл, анд найзын итгэлээр эвлэлдэн нэгдсэн тэдний хувьд ковер дуучид гэх үгийг хүмүүсээс их сонсдог бололтой. Гэвч тэд дууны эздээс зөвшөөрөл авч, өөрсдийн хэв маягт оруулан хүсэл мөрөөдлөөрөө дуулж яваа. Мөнгө олно, од болно гэх бодлоос илүүтэйгээр халуун алга ташилт, үзэгчдийн урмын үгэнд шунан дурлаж яваа тэд.


Дуугаа нийтлэхдээ бүгд “Жүжигчин” гэдэг цолтой явна. Учир нь тэд бүгд жүжигчин мэргэжилтэй ахан дүүс. Тиймдээ ч дуучин мэргэжилтэй хүмүүсийг хүндэлж өөрсдийгөө ингэж танилцуулна.
Зөвхөн дуу хийгээд зогсохгүй дууны клип, хоолой бичлэг, реклам гээд камер, микрофоноор хийж болох бүхий л зүйлсийг хийнэ. Тиймдээ ч одоо болох тоглолтынхоо постер, шторкоос эхлээд ээлжлэн биенийхээ зургийг авч завгүй хөдөлмөрлөнө. Мөн эвлүүлгээ ч хийнэ.


Тоглолт гэдэг нь тэд “Андгай” хэмээх тоглолтоо энэ сарын 11-нд хийх гэж байгаа юм. Аав, ээждээ, гэр бүлийнхэндээ урлагийн замаар ухрахгүй урагшилж яваа шүү гэх итгэл, ард түмнийхээ халуун алга ташилтаар ташуурдуулахыг хүссэн зоригоор анхныхаа тоглолтын гарааг эхлүүлж байна.
“АНДГАЙ” тоглолт 2026.04.11-нд M bank arena-д 18:00 цагаас ганцхан удаа тоглогдоно. Та тасалбараа 9499-0008, 8880-2022 дугаар луу залган үнэгүй хүргүүлээд аваарай.
Харин online тасалбараа ЭНД дарж авна уу.












