
Өмгөөллийн “Апекс Юнайтед” хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал Ц.Цэцэнбаатар АНУ-ын визийн бодлоготой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, Монгол Улсыг визийн бондын жагсаалтаас хасуулахыг уриалсан өргөдөлд иргэдийг гарын үсэг зурж дэмжихийг уриаллаа.
АНУ-ын засаг захиргаа 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн аялал жуулчлалын B1, B2 визний ангилалд тав, 10, 15 мянган ам.долларын барьцаа бонд байршуулдаг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Монгол Улсын иргэдийн хувьд хамгийн идэвхтэй зорчдог гурван орны нэг нь Америкийн Нэгдсэн Улс юм.
Энэхүү арга хэмжээг авч буй үндсэн гурван шалтгааныг дурдвал:
- Нэгдүгээрт визийн хугацаа хэтрүүлдэг,
- Хоёрдугаарт визийн зорилгоос өөр үйл ажиллагаа эрхэлдэг,
- Гуравдугаарт Америкийн Нэгдсэн Улсын татвар төлөгчдийн мөнгөөр нийгмийн халамж хүртэж байна гэх асуудлуудыг хөндөж байгаа аж.
Гэсэн хэдий ч визийн бонд хэрэгжиж буй 50 гаруй улстай харьцуулахад Монгол Улсын үзүүлэлт харьцангуй бага байгаа юм. Тухайлбал 2024 онд Монгол Улсын 13 мянга 500 иргэн АНУ-д зорчсоноос 371 иргэн визийн хугацааны зөрчил гаргасан нь 2.73 хувь болж байна. Харин бусад улсуудын хувьд:
- Беларусь 3.48 хувь,
- Белиз 3.13 хувь,
- Монтенегро 3.55 хувьтай байгаа нь юм. Иймд хуульчдын зүгээс иргэдээ төлөөлөн хоёр арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Иймд:
- Нэгдүгээрт Америкийн Нэгдсэн Улсын засаг захиргаанд визийн бондын хөтөлбөрөө эргэн харж, Монгол Улсыг жагсаалтаас хасах хүсэлтийг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад өргөн барьж байна.
- Хоёрдугаарт change.org платформд өргөдөл үүсгэн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлжээ. Хэрэв таван мянгаас 15 мянган хүн дэмжиж гарын үсэг зурвал олон нийтийн шахалтаар АНУ-ын эрх баригчид шийдвэрээ эргэн харах боломж бүрддэг байна.
Мөн зөвхөн визийн барьцаа авах хэлбэрээс өөр, илүү хөнгөвчилсөн шийдэл бий эсэхийг судлах боломж бүрдэх аж. Монгол Улс нь дээрх жагсаалтад багтсан орнуудаас хамгийн бага зөрчилтэй гэдгийг онцлон хэллээ. Мэдээж АНУ-аас энэ арга хэмжээг авах бүрэн эрхтэй ч Монголын үзүүлэлт бага байгаа тул гаргасан шийдвэрээ эргэн хянаж үзэх боломжтойг хэлсэн юм.
Цаашид Монгол Улсын иргэд визийн нөхцөлөө чанд мөрдөж, хариуцлагатай аялах нь хамгийн чухал юм. Хэрэв зөрчил гаргавал ийм төрлийн хязгаарлалт үүсэх эрсдэлтэй байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс болон АНУ нь төр, нийгэм, соёл, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт нягт хамтран ажиллаж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн. 2025 онд АНУ-аас Монгол Улсад 20 мянга орчим жуулчин ирсэн бол 2026 оны эхний улирлын байдлаар хоёр мянга орчим жуулчин ирсэн байна.
Иймд хоёр улсын харилцаанд суурилсан итгэлцлийг улам бэхжүүлж, Монгол Улсыг уг жагсаалтаас гаргах боломжийг дахин судалж үзэхийг хүсэж байгаа юм.
Хэрэв та гарын үсэг зурахаар бол: ЭНД дарна уу.
М.Солонго









зүгээр хүсэлт гаргаад гарын үсэг зураад болчдог зүйл үү тээ
визны барьцааг цуцлах хэрэгтэй байна