
Нэгэн жигд хувцастай бяцхан шатарчид гартаа зайрмаг, сүү барин гэр бүлийнхэндээ эрхлэн наалдана.
Инээд хөөрөөр дүүрэн тэрхэн агшин удалгүй намжиж, тэд ширээний ард чимээгүйхэн суун, жижигхэн гартаа үзгээ чанга атгаж, өрөг бүрээ нямбайлан тэмдэглэж эхлэх нь “Сүү 365” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний эхний нүүдэл хэдийнэ өрөгдсөний дохио ажээ.

Монголын шатар сонирхогчдын дунд “Өсвөрийн улсын бага аварга” хэмээн хүндлэгддэг, “Сүү” ХК-ийн нэрэмжит “Сүү 365” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх жилдээ ийнхүү амжилттай эхэллээ.


Үндэсний ууган үйлдвэрлэгч “Сүү” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Босоо Ноён” шатрын клубтэй хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн бус ирээдүйн оюунлаг үеийг бэлтгэх том хөрөнгө оруулалт юм. Энэ жил Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 600 гаруй өсвөрийн шатарчин нэг дор цугларч, ур чадвар, тэсвэр тэвчээр, сэтгэн бодох хурд хүчээ сорин өрсөлдөж байна.


Тэмцээн гурван өдрийн турш Рояаль олон улсын бүрэн дунд сургуулийн танхимд үргэлжилж, олон улсын жишигт нийцсэн швейцарь системээр, есөн өргийн турш явагдах юм. Энэ нь оролцогч бүрт тэнцвэртэй, шударга өрсөлдөх боломжийг олгож буйгаараа онцлог. Мөн “Сүү” ХК албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тэмцээнийг шууд хүргэж, эцэг эх, ойр дотнынхонд нь хүүхдүүдийнхээ өрөг бүрийг амьсгаа даран хүлээн суух боломжийг олгож буй. 

Ийнхүү Монгол орны өнцөг булан бүрээс цугласан авьяаслаг хүүхдүүдийг нэг дор нэгтгэж, тэдний оюуныг тэтгэн, мөрөөдлийг нь дэмжиж буй “Сүү” ХК энэхүү үйл ажиллагаагаараа үндэсний үйлдвэрлэгч төдийгүй нийгмийн хариуцлагатай байгууллага гэдгээ дахин батлан харуулж байна.


Жилийн 365 өдөр хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоо бодитоор хэрэгжүүлж буй “Сүү 365” тэмцээн ирээдүйн их мастеруудын анхны том тайз болсоор байна.
Тэмцээнд оролцож буй нийт хүүхэд багачууддаа амжилт хүсье.










