
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ОХУ-ын “Дружба” газрын тос дамжуулах хоолойн үйл ажиллагааг сэргээх хүртэл Украин руу байгалийн хий зөөвөрлөдөг хийн хоолойг хаасан гэдгээ мэдэгджээ.
Тэрээр, “Унгараас Украинд байгалийн хий нийлүүлдэг хийн хоолойг хаасан. Бид газрын тос авч чадахгүй бол байгалийн хийгээ нийлүүлэхгүй.” гэжээ.
Унгар болон Словак улс ОХУ-аас “Дружба” газрын тос дамжуулах хоолойгоор газрын тос аваагүй 2 сар орчим болж байгаа ба Киев Украины газар нутгаар дамжин өнгөрдөг “Дружба” хоолой ОХУ-ын дроны цохилтод өртөж, эвдэрсэн хэмээн мэдэгдээд байгаа юм.
Унгар болон Словакийн популист удирдагчид Киевийг санаатайгаар газрын тос нийлүүлэлтэд саад болж байна гэж үзэн буруутгаж байгаа аж.
Сүүлийн 16 жил төрийн эрх мэдлийг атгасан Виктор Орбан болон түүний Фидес намын хувьд ирэх сард болох парламентын сонгууль нь томоохон сорилт болох төлөвтэй байгаа юм. Учир нь сөрөг хүчний Тиса нам рейтингээрээ Фидес намыг ардаа орхиод байгаа юм.
Сонгуулийн кампанит ажлаар Төрөксентмиклош хотод хэлсэн үгэндээ В.Орбан, “Ирэх сонгуулийн үр дүн Унгарт Украиныг дэмжигч засгийн газар байгуулагдах уу, Унгарын үндэсний засгийн газар байгуулагдах уу гэдгийг шийднэ. Украинчууд үүнд чухал ач холбогдол өгч байгааг та нар харж байгаа. Украины нууц албаныхан Унгарыг тусгай ажиллагааны талбар болгоод байна. Украины тагнуулууд манай улс руу чөлөөтэй орж, гарч байна.Тэд Унгарын улс төрд хүртэл ороод ирчихсэн. Сэтгүүлчид болон улс төрийн намууд дотор тэр дундаа Тиса нам дотор байна. Унгарын эсрэг тагнуулын ажиллагаа явуулсаар байна. Үүнийг эцэс болгохын тулд би өнөө өглөө Ерөнхийлөгч В.Зеленскийтэй ярьж, мөрч нохдоо ав гэж хэлсэн. Унгарын сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг бид зөвшөөрөхгүй. Унгар улсыг хүндлэх хэрэгтэй. Ямар засгийн газартай болохоо бид өөрсдөө шийднэ.” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Европын холбоон дахь ойрын түнш гэгддэг В.Орбаны хувьд барууны орнууд Украинд тусламж дэмжлэг үзүүлж буй явдлыг шүүмжилж, Европын холбооны Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хориг тавьж, гацаана хэмээн сүрдүүлсээр байгаа юм.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News








