
АНУ-ын газрын тосны хоригийн улмаас Куб улсын ард иргэд тоггүй, ундны усгүй арай ядан амь зогоож, өдөр хоногийг аргацааж байна.
Кубын эдийн засгийн нөхцөл байдал хэдийн хүнд байсан дээр Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн 1-р сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлан, Венесуэлийн засгийн газарт Кубд газрын тос экспортлохыг хориглосон нь сүүлийн цохилт болж ард иргэдийнх нь амьдралыг доройтол руу хөтлөөд байна. Газрын тосны импортгүй 3 сар гаруй болж байгаа Кубын эрчим хүчний салбар уналтад орж, Куб даяар үе үе цахилгаан эрчим хүч тасрах болжээ.
Тоггүй учир ундны усны хангамж ч зогссон байна.
Анхель Луис Меленде өдөр болгон 10 блокийн цаанаас өөрийн болон хадам ээжийнхээ гэрт ус зөөж авчрах ажилтай болжээ. Тэрээр, “Хадам ээжийн маань гэрт ус тасраад 15 гаруй хоног болж байна. Өчигдрийг хүртэл хадам ээж маань хөршийнхөөсөө ус гуйж авч байсан юм. Өнөөдрөөс эхлээд би ус зөөж авчирч өгч байхаар болсон” гэжээ.
Хот тохижилтын хог ачдаг машинууд шатахуунгүй учир хотын гудамж талбай хог хаягдлаар дүүрч, ундны ус, тоггүй хоцорсон иргэд аргаа барж, цөхөрч эхэлжээ.
3 настай ач охиноо харж үлдсэн Эвлин Мартинез, “Ус тасраад 3 хонож байна. Цаашид юу хийж, яахаа мэдэхгүй байна. Галзуурахад ганц хуруу л дутуу байна.” хэмээн ярьжээ.
Нийслэл Хавана хотын оршин суугчдын хувьд ундны ус хайж, энд тэндээс цуглуулах нь өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ.
Кубын засгийн газар үүсээд буй нөхцөл байдалд АНУ буруутай гэж мэдэгдээд байгаа бол Д.Трампын засаг захиргаа Кубын эрх баригчдаас улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаж , ардчилал тогтоож чадвал хориг арга хэмжээнүүдээ цуцална хэмээн мэдэгдээд байгаа юм.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Доналд Трамп Куб улсыг нөхөрсгөөр эзэлж, хяналтдаа авах боломжтой тухай ч өмнө нь дурдсан билээ.
Мэдээллийн албан ёсны түнш AP News








