
Ж.Нямсүрэн: Хүнлэг энэрэнгүй байхыг ойлгуулсан “Тунгалаг тамир” мюзиклийг тайзнаа толилуулна
Байгаль дэлхийн өвөрмөц тогтоц, онцгой содон түүхэн дурсгалт газрууд хүний хараа булаагаад зогсохгүй, эгээ л бид онцгой эх оронд төржээ гэлтэй. Бид үнэхээр азтай улс даа. Энэ сайхан Монгол эх оронд, монгол хүмүүн болж төрсөндөө ямархан их хувь заяа вэ…
Тэр дундаа Монгол Улсын 21 аймаг өөр өөрийн гэсэн өвөрмөц, гайхалтай, хараа булаам, басхүү биширмээр тогтоцтой. Архангай аймаг байгалийн үзэсгэлэнт нутагтайгаас гадна урлаг, спортын алдартнуудын түүхэн өлгий билээ.
Онцолбол, Монголын түүхэн уран сайхны кино дэлгэцийн олон бүтээлийн тус аймгийн газар нутагт зураг авалтыг нь хийсэн байдаг.
Тухайлбал, “Тунгалаг тамир”, “ Цогт тайж”, “Тууврын замд”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Солиот эх” зэрэг цэнхэр дэлгэцийн уран бүтээлийг нэрлэж болно.
Аа, гэхдээ энэ удаад Арын сайхан хангай буюу Архангай аймгийг онцлоё. Ингэхдээ тус аймгийн бүтээлч хамт олон, Хөгжимт драмын театрын хөдөлмөрч уран бүтээлчдийн түүхэн жүжгийг тайзнаа “Мюзикл” жанрт оруулан тоглож амьдруулахаар болсон урлагийн их ертөнцийн тодхон гэрэлтэх өнгөт замаар Уншигч авхай та бүхнийг аялуулъя.
Ингээд тус түүхэн бүтээлээс сэдэвлэсэн “Тунгалаг тамир” мюзиклийг тайзнаа амилуулахад гар, бие оролцож яваа Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Уран бүтээлийн богцыг нээвэл ямар сонин хачин дуулгах мэдээ байна вэ?
-Сайн байна уу? Урин хаврын мэндийг бүх үзэгчид, урлагийн хорхойтон, нийт Монголчууддаа хүргэн мэндчилье.
Ирж буй цагтай зэрэгцэн БНМАУ-ын Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын Зууны манлай шилдэг роман “Тунгалаг тамир” түүхэн бүтээлээс сэдэвлэсэн шинэхэн уран бүтээлээ тайзнаа толилуулах гэж байна.
“Тунгалаг тамир” мюзикл жүжгийг Улаанбаатар хотноо МҮЭСТО-д нээлтийн тоглолтоо хийнэ.
-Уг бүтээлийг хэзээ тоглох вэ?
-Ирэх 04 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар хотод тоглоод, үргэлжлүүлээд 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан, 13-нд Эрдэнэт хотын үзэгчдэд тус тус толилуулахаар төлөвлөж байна.
-Хэрхэн энэхүү алдартай романыг тайзнаа амилуулахаар зориглон шийдэв?
-Бүтээл төрөх агшин, орчин нөхцөл, цаг хугацаа өөр өөр байдаг. Харин одоо үед үзэгчид тэр дундаа залуусын үзэх бүтээл, сонсож, харж сонирхдог зүйлс цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Бид нар үзэгчдийн хүсэн хүлээж буй бүтээлүүдийг, тэр гоё түүхэн зууны манлай романуудыг яг л өөрсдийнх нь шинж чанарыг алдагдуулахгүйгээр хүмүүсийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан тайзнаа урлаж өгнө. Иймээс бид нэгдээд, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон анх удаа “Анир” поп оркестрын уран бүтээлчидтэй хамтраад тайзнаа тоглоно.
Илүү даацтай, онцлог, уран бүтээлийг орчин үеийн хэлбэрээр буюу мюзикл жанраар бид үзэгчдэдээ хүргэхээр зорьж буй.

-Энэхүү уран бүтээлд нийт хэдэн жүжигчид оролцон тоглох вэ?
-“Тунгалаг тамир” мюзикл жүжигт тайзан дээр гарч буй уран бүтээлчид яг 108 хүн бий. Амьд хөгжимчид, оркестр, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд, мөн Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, уран бүтээлийг баг гээд нийт 108 хүн байгаа.
Харин ард нь ажиллаж байгаа гэрэл, тайз, шум, арын албаны баг гээд нийтдээ 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэхүү жүжиг тайзан дээр амилж байна.
-Архангай аймаг урлаг, спортоор түүчээлэгч, манлайлагч олонтой. Иймдээ ч олон түүхэн Монголын уран сайхны кино зураг авалтууд ч тус аймагт бүтээгдэж, дахин давтагдашгүй түүхэн өвөө илүү тодотгодог. Танай театрын уран бүтээлчдийн онцлог, гол зорилгыг сонирхоё?
-Манай Архангай аймгийн театр бол бусдаас арай онцлогтой гэж хэлнэ. Юугаараа онцлогтой вэ гэхээр бусдаас ялгаран, ондооших ёстой. Хийж буй бүтээлээрээ өөр байх ёстой.
Угтаа бол Архангай аймаг өөрөө Хүннүгийн их голомт нутаг. Их хаадын өлгий нутаг учраас нүүдлийн соёл, байгалийн өвөрмөц тогтоцоороо маш онцгой. Энэ болгоныг шингээсэн түүхэн уран бүтээлүүдийг тайзнаа тавьдгаараа онцлогтой байдаг.


“Тунгалаг тамир” түүхэн романаас сэдэвлэсэн “Мюзикл” тайзны бүтээл нь түүхэн өв болж үлдэнэ
Тухайлбал Хүүхдийн элч хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, Багшийн мэргэжил дээшлүүлэх инситутийн зөвлөх, МУГБагш Соронзонболдын Батболдын хөгжим “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг, Халхын гурван зулын нэг, нэрт соён гэгээрүүлэгч, яг түүхэн бодит амьдралаас нь сэдэвлэн бүтээсэн.
Дараа нь Төрийн шагналт Цэндийн Доржготов гуайн “Улаан орхимжийн давлагаа” алдарт романаас сэдэвлэн бүтээсэн сайхан драмын жүжиг байна. Мөн бид нар “Тунгалаг тамир” гээд Ойдовын Цэндийн зохиол буюу яг энэ түүхэн бүтээлийг тайзнаа амилуулсан.
-“Тунгалаг тамир” роман өөрөө маш алдартай. Уншаагүй цаашлаад Монголын уран сайхны киног нь үзэж амжаагүй хүн ховор болов уу?
-Архангай аймаг байгалийн тогтоц нь маш өвөрмөц. Хүмүүс Архангай аймгийн урд болон хойд Тамирын гол, Тайхар чулуу, Хоргын тогоо, Чулуутын хавцал гээд л байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудыг андахгүй сайн мэднэ.
Онцлоод хэлбэл “Тунгалаг тамир” романы гол дүр Итгэлт баян өөрөө Архангай аймгийн Тайхар чулуу, хойд Тамирын голын хөндийгөөр нутагтай байсан бодит хүн. Ингээд судлаад яваад үзэхээр дандаа л түүхэн бүтээлүүд юм. Энэхүү том уран бүтээл дээр нүүдэлчдийн соёл, Монгол ахуйн бодит дүр зураг тэр чигээрээ харагддаг.
Тэгэхээр бид нарын зүгээс залуучуудад нүүдлийн соёлыг энэ уран бүтээлээр л амьдруулан хүргэнэ. Өөрөөр бид нар ийм нүүдлийн соёл иргэншил байдаг юмаа гэдгийг хэчнээн хэлээд, яриад нэмэргүй. Гагцхүү даацтай бодит бүтээлээрээ л дамжуулан хүргэх нь илүү үнэ цэнтэй бөгөөд түүхэн өв болж үлдэнэ.


“Мюзикл өөрөө хөгжмийн бүтээл”
-Мюзикл бүтээлийн онцлог шинж чанар нь юу вэ?
-Мюзикл бол өөрөө хөгжмийн бүтээл. Тайзны бүтээлээс бас киноноос, драмаас өөр. Тухайн хөгжмийн бүтээлд оролцож буй уран бүтээлч дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ. Ингэхээр тухайн уран бүтээлчийн шүүсийг шавхсан, ур чадварыг өндөр түвшинд шаардаж, авьяасыг мөн тэсвэр тэвчээрийг жинхэнэ ил гаргаж ирсэн бүтээл бол “Мюзикл” байдаг. Энэхүү бүтээлийн хөгжмийн зохиолч нь Төрийн шагналт Цогзолын Нацагдорж гэдэг эрхэм бий. Багш маань өөрөө бүтээлээ хийж байх хугацаандаа бурхан болсон. Ингээд түүний залгамжлал буюу өөрийнх нь шавь “Анир” рекордсыг үүсгэн байгуулагч, “Анир” поп оркестрын Удирдаач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг удирдаач маань дуусгасан. Үүнээс улбаалаад поп оркестрт хөрвүүлэн, орчин үеийн хэлбэрт болгон бүтээж буйгаараа онцлог.
Энэ жил маш их онцлогтой. Учир нь Ц.Нацагдорж багшийн маань мэндэлсний 75 жил, “Анир” рекордсын үүсгэн байгуулсны 25 жил, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын 40 жилийн ой тус тус тохиож буй давхцал болж байна. Эдгээр тэгш ойнуудыг тохиолдуулан “Тунгалаг тамир” түүхэн романыг мюзикл жанраар тайзнаа амьдруулан нээлтээ хийх гэж байгаад бид маш их баяртай байна.
Ж.Нямсүрэн: Соёл урлагаар, тэр дотроо тайзны бүтээлээр дамжуулан залуучуудад, үзэгчдэд “Өнгө мөнгөнд битгий шунаачээ.
Гагцхүү хүнлэх, энэрэх ёсонд суралцсан Хүн байгаасай” гэдэг эерэг ойлголтыг түгээж, мэдрүүлэх болно
-Соёл урлагаар дамжуулан нийтийг эерэг байлгах нь чухал. Иймээс та бүхний цаашдын гол зорилго юу вэ?
-Уран бүтээлч бидний гол зорилго нь урлагаар дамжуулан нийгэмд эерэг мсж өгөхийг зорьдог. Хамгийн гол нь “Хүн байгаасай”, өнгө мөнгөнд битгий их шунаачээ. Хүний амьдралд эд мөнгийг чухалчлах бус хайрлах, энэрэх, бусдыг хүндлэх, Хүнлэг хүн байхыг эрхэмлэж, энэхүү ухаанд шунаж явахыг хүсэж байна. Энэ бол маш чухал. Тэгэхээр мюзикл үзсэнээрээ үзэгч залуучууд ямар эерэг өнцгийг харах вэ гэхээр өгөөжтэй зүйлсийг олж харна. Бид буруу тийшээ яваад байгаа юм байна. Хамгийн гол нь олон өнгөөр гэрэлтэх энэ амьдралд “Хүн байх хэрэгтэй” юм байна гэдгийг мэдрэх болно.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








