
Монгол Улсад “Зөрчлийн тухай хууль” 2017.05.11-ны өдөр батлагдсан байдаг. Тус хуульд:
- Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10000 төгрөгөөр торгоно.
- Хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг 25000 төгрөгөөр торгоно.
- Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг 25000 төгрөгөөр торгоно.
- Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100000 төгрөгөөр торгоно гэх мэт зөрчил болоод торгуулийг тодорхой заасан байдаг.
Тэгвэл энэхүү хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар хэдэн жишээ дурдая.
Жишээ 1:

2025.12.10-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан Оюутолгойн сонсголын үеэр иргэн Ц.О нь сэтгүүлчийн нүүр рүү нулимж, халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж шүүх тус иргэнийг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм.
Шүүхийн шийдвэрээс,
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч Ц.О-д холбогдох 2509003337 дугаартай хэргийг 2025 оны 12 сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж”, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэж заасан.
Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2025 оны 12 сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Төрийн ордон дотор сэтгүүлчийн нүүр лүү нулимж, биед нь халдсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь livie-Төдэй нэртэй фэйсбүүкт хайлт хийж үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ц.О-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Жишээ 2:

Жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр хохирол учруулахгүй явах үүрэгтэй.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно.
Иргэдийн хувьд энэхүү торгуулын мөнгө “Төрийн сан” руу шилжиж, өөрсдөө хохироод үлдэж байна гэх асуудал ихээхэн яригдаж буй.
Тэгвэл иргэн өөрийгөө хохиролтой гэж бодож байвал хэрхэхийг Өмгөөлөгч Т.Сумъяабазараас тодрууллаа.


Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-т Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Энэ тохиолдолд хохирол учруулсан эсэхээс үл хамааран зөрчлийн хуулиараа шалгагдаад дуусна. Харин иргэд өөрсдөө сэтгэл санаагаар хохирчихлоо, ажлаасаа хоцорч цалингаа хасууллаа, нөгөө хүний буруутай үйлдлээс үүдэн өөрт учирсан хохирлоо баримтаар нотолж чадвал Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж учирсан хохирлоо нөхөн төлүүлж авах эрх нээлттэй.
Тэгвэл 2017 онд нэг нэгж нь 1000 төгрөгөөр торгож байсан энэ зөрчлийн хууль 2026 онд буюу 9 жилийн дараа инфляци өссөн энэ үед торгууль болж чадаж байна уу? Зөрчлийн тухай хууль үндсэн үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригоос тодруулахад,


Зөрчил бол хүнийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө жижиг шийтгэлийг оноож цээрлүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх зорилготой. Тэгэхээр үүнээс үүдсэн олон хэргүүд гарч байна гэдэг нь “Зөрчлийн тухай хууль” үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг. Зөрчлийн тухай хуулийн торгууль маш өндөр байснаар тэр хүмүүс хууль гэдгийг мэдэрнэ, хууль зөрчхөөсөө эмээнэ. Гэтэл монголчууд хууль зөрчхөөсөө эмээхгүй байна.
Зөрчлийн хэрэг шалгах ажиллагаа, шүүхийн процесс их богино явагддаг учир хохироосон этгээд хуулийн мөн чанарыг биеэрээ мэдрэхгүй байна. Ёс зүйгүй үйлдэл бий болж байна гэдэг нь хүмүүс хуулиас айхгүй байна гэсэн үг.
Бид “Зөрчлийн тухай хууль” дээрээ маш анхааралтай хандахгүй бол гэмт хэргийн тоо ихсэж мянга мянган хохирогчид ихсэх боломжтой. Аливаа зүйлийг бага дээр нь л дарж авах хэрэгтэй байдаг.








