
Мэргэжлийн сүмогийн Харү башё ням гарагт/2026.03.22/ өндөрлөсөн билээ. Нийт 15 өдрийн турш Осака хотноо башё үргэлжилж, ширүүн өрсөлдөөний эцэст Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэн эзэн хааны цомыг өргөлөө. Ингэснээр түүний хувьд ийнхүү гурав дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж байгаа нь энэ юм. Гэхдээ Б.Лхагвасүрэнгийн их хүлээсэн, хүссэн түрүү нь энэ байв. Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны Кюүшү башёд түрүүлж байсан.
Тухайн үедээ Киришима Б.Лхагвасүрэн озэки цолтой, дараагийн ёкозүна гэж яригдаж байсан ч 2024 оны тааруу барилдааныхаа улмаас сэкивакэ цол руу буурсан юм. Гэхдээ бараг гурван жилийн дараа эргэн түрүү бөхөөр тодрохдоо ээжийнхээ төрсөн өдрөө ээлжит түрүүгээ хүртлээ.
Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэх болзлоо башёгийн 14 дэх өдөр буюу нэг өдрийн өмнө хангасан юм. Өнгөрөгч ням гарагт башёгийн сүүлийн өдөр хэт тайвширсан бололтой озэки Котозакүрад өвдөг шороодсон. Ийн 12 даваа, гурван унаатай Харү башёгийн тэргүүн бөх нь болов.
Тэрбээр энэ удаагийн башёд түрүүлснээрээ сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн эргэн озэки цолоо авахаар болж байна. Сүмогийн холбоо энэ талаар хуралдаж, албан ёсны шийдвэрийг удахгүй танилцуулах ажээ.
Гурав дахь түрүүгээ хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн: “Эзэн хааны цом их хүнд санагдлаа. Удаан хугацаанд өргөөгүй болохоор тэр биз. Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Түүнд сайхан бэлэг барилаа. Би цол буурсан ч бууж өгөөгүй, шаргуу хөдөлмөрлөсөн хэвээр байлаа. Өөрийгөө нэг л өдөр эргэн ирнэ гэдэгт итгэж байсан. Би одоо ч залуухан байна. Улам хүчирхэг болж, олон түрүү хүртэнэ”.

Мөн тэрбээр хэлэхдээ: “Энэ башё үргэлжлэх хугацаанд бодогдож байсан зүйл бол миний охин “Аав аа, би банзай гэж хашхирмаар байна” гэсэн үг байлаа. Охиныхоо хүслийг биелүүлсэндээ маш их баяртай байна. Би урагшилна, чадна болно гэж өөртөө итгэсэн” хэмээжээ.
Киришима Б.Лхагвасүрэн энэ жил 30 нас хүрэх бөгөөд ёкозүна цол хүртэх боломж бүрэн бий.
Хаврын башёд Монголын сүмочид маш сайхан барилдаж, нийт зургаан зиндааны дөрөвт нь түрүүллээ.
“Макүүчи” зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн 12-3 амжилтаар түрүүлж, эзэн хааны цомыг 3 дахь удаагаа хүртлээ. Мичинокү дэвжээний бөх ийнхүү 2 жилийн дараа озэки цолоо буцаан авах ажээ.
Ирэх сард 30 нас хүрэх Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
Тэрбээр 2015 онд 18 насандаа мэргэжлийн сүмод орж, 2015 оны долдугаар сарын тэмцээнд жонокүчи зиндаанд Кирибаяма Тецүо нэрээр барилдаж эхэлжээ. Анхныхаа тэмцээнд тав ялж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн Б.Лхагвасүрэн дараа нь жониданд 6-1 амжилт үзүүлэн санданмэ зиндаанд дэвшиж, улмаар тус зиндаанд анхны тэмцээндээ 7-0 амжилтаар түрүүлсэн юм.
Сүмо бөхийн ертөнцөд хөл тавин орохоосоо өмнө түүний хувьд жүдо бөхөөр хичээллэж байжээ.
Нэрийн хуудас:
Нэр: Бямбачулууны Лхагвасүрэн
Төрсөн огноо: 1996 оны дөрөвдүгээр сарын 24
Төрсөн газар: Монгол
Өндөр, жин: 186 см, 140 кг







