
Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Өнөөдөр дэлхийн нефтийн зах зээлийн түүхэнд хамгийн том нийлүүлэлтийн шок үүсэж эхэлж байна. Энэ бол бидний онцгой анхаарах ёстой зүйл. Мөргөлдөөн гүнзгийрвэл 2026 оны турш үргэлжлэх нөхцөл байдал руу орж магадгүй. Энэ нь Монгол Улсын эдийн засагт, төсөв санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц эрсдэл учрах төлөв байдал үүсэж байна. Иймд энэ нөлөөллийг бууруулах, үндэснийхээ эдийн засгийг хамгаалах бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж, бид маргааш ЗГ-ын хуралдаан дээр холбогдох хууль эрх зүй болон бодлогын арга хэмжээний саналыг оруулна.
Манай гол худалдан авагч ОХУ-д шатахууны үнэ тогтвортой байна. Тэр утгаараа Монгол Улсад нийлүүлэлт дээр бол хүндрэл гарахгүй. ОХУ-аас шатахуунаа хоёр гэрээгээр авдаг. Хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92-ыг бид тогтворжуулах үнээр авдаг. Харин дизель түлш дээр тогтворжуулалтын гэрээгүй. Бид Сингапурын биржийн үнийг харж авдаг. Өнөөдрийн байдлаар Сингапурын бирж дээрх үнийн өсөлт өндөр байна. Шатахуунаар дамжиж, манайд инфляц өсөх эрсдэл байна. Засгийн газар, УИХ бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсэж байгаа юм.
Манай улсын тухайд:
- АИ-92- 41 хоног
- АИ-95-70 хоног
- Дизель-28 хоног
- Шингэрүүлсэн шатдаг хий-35 хоног
- Онгоцны түлш-21 хоногийн нөөцтэй байна.
Бид шатахууны нөөцтэй байна. Гэхдээ гадаад зах зээл дээр шатахуун нэг дахин өсчихсөн байна. Тэгэхээр бид гадаад зах зээлийн өсөлтийн зөрүүг хэрхэх вэ гэдгээ ярилцана. Үнийн зөвлөл одоо хуралдана. Дизель, АИ-95-ын үнэ нэмэгдэнэ. ААН-үүдээ алдагдал оруулахгүйн тулд эхлээд 300 орчим төгрөгөөр нэмээд, гадаад нөхцөл байдлаа ажиглана. Хэрэв ААН-үүдээ алдагдалд оруулчихвал захиалга байхгүй болчихно.
Манай улсын хувьд Ойрх Дорнодын бүс нутаг руу 60 сая долларын мах экспортолдог. Энэ экспортоо тогтвортой байлгах, өөр бүс нутаг руу шилжүүлэх арга хэмжээг авна” хэмээв.







