
Өнгөрсөн бямба гарагт эхэлсэн АНУ, Израилын Иранд явуулж буй цэргийн хамтарсан ажиллагааны үр дүнд өнгөрсөн даваа гарагийн өглөө Brent маркийг газрын тосны үнэ 14 хувиар өсөж, нэг баррель нь 82.37 ам.долларт хүрч, 2024 оны 7-р сараас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үнэ болж байна.
Хамгийн сүүлд нэг баррель газрын тосны үнэ 82 ам.долларыг давсан тохиолдол 2025 оны 1-р сарын 16-нд гарч байсан юм.
АНУ, Израил, Ираны зэвсэгт зөрчилдөөн удаан үргэлжилж, газрын тосны дэд бүтцүүд цохилтод өртөж, газрын тос нийлүүлэлтийн гол замууд хаагдсанаар газрын тосны үнэ 100 ам.долларыг давж, үнэ нь 37 хувиар өсөж болзошгүйг шинжээчид онцолж байна.
Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор алтны үнэ мөн өсөөд байна. Өнгөрсөн даваа гарагт нэг унц алтны үнэ 5393 ам.долларт хүрсэн нь 2-р сарын 27-ноос хойш 2.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ эрчээрээ алтны үнэ өнгөрсөн 1-р сард 5600 орчим ам.долларт ойртсон рекордоо эвдэхэд ойрхон байна.
Goldman Sachs компани байгалийн хийн үнэ ч мөн нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Ормузын хоолойгоор байгалийн шингэрүүлсэн хийн дэлхийн худалдааны нийт хэмжээний 1/5 нь дамждаг ба уг үйл явц зогсох ойролцоогоор нэг сар зогсоход л Европт байгалийн хийн үнэ нэмэгдэх, Азийн байгалийн шингэрүүлсэн хийн үнэ 130 хувиар өсөхөд хүргэнэ гэжээ.
Газрын тосны дэлхийн нийт худалдааны 20 хувь, шингэрүүлсэн хийн 30 орчим хувь дамждаг Ормузын хоолойн хойд хэсэг Иран улсын хяналтад байдаг ба АНУ, Израилын цохилтод өртөөд буй Тегеран Ормузын хоолойн хойд хэсгийн хөдөлгөөнийг зогсоосноо мэдэгдээд байгаа билээ. Түүнчлэн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудын операторууд, газрын тосны болон худалдааны фирмүүд Ормузын хоолойгоор газрын тос, шатахуун, байгалийн хийн тээвэрлэлтээ зогсоогоод байгаа аж. Reuters агентлагийн мэдээлснээр тус хоолойд 150 гаруй газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнууд гацсан байдалтай байна.
Ормузын хоолойгоор дамжин гарах хөдөлгөөнийг бүтнээр нь хаавал дэлхийн газрын тосны хэрэглээний 10 хувь буюу өдөрт 10 сая баррель газрын тос хомстоход хүргэх аж.
Ираны хямрал Азийн орнууд болон Азийн газрын тосны компаниудыг нөөцөө хянаж, газрын тос импортлох өөр замуудыг судлахад хүргээд байна. Ормузын хоолойгоор тээвэрлэгдэж буй газрын тосны 90 орчим хувийг Азийн орнууд импортолдог ба хамгийн том импортлогчид нь БНХАУ, Энэтхэг, Япон улс аж. Энэтхэг улсын хувьд Ойрх Дорнодоос импортолж байсан газрын тосоо ОХУ-ын газрын тосоор нөхөж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.






