
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус холбоо 700 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэн, залуу судлаачдын хамтын ажиллагаа, мэргэжлийн хөгжил, судалгааны орчныг дэмжих чиглэлээр тогтвортой, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Уг холбооны Ерөнхийлөгчөөр 2025 оноос Анагаах ухааны доктор, профессор Д.Хандмаа сонгогдож холбооны бодлого, үйл ажиллагааг удирдан чиглүүлж буй юм.
Залуу судлаачдын үзэл бодол, дуу хоолойг нэгтгэх, нийгэмд тулгамдаж буй шинжлэх ухаан, боловсролын асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой тус төрийн бус байгууллага нь “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал болон Залуу Судлаачдын Үндэсний чуулганыг тогтмол зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээний хүрээнд залуу судлаачид судалгааны илтгэлээ танилцуулахаас гадна “Хүрэлтогоот” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлдэг бөгөөд уг хурал нь залуусын дунд оюуны өрсөлдөөн, мэдлэгийн солилцооны “Оюуны Олимп” болж чаджээ.





Судлаачдын хувьд олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлэх нь ур чадвар, мэдлэгийн чадавхыг илтгэх чухал үзүүлэлт болдог. Энэ утгаараа “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” жил бүр шилдэг судлаачийг шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Тухайлбал, өнгөрсөн жилийн шилдэг судлаач “Хатуу диатомик молекулын системийн илүүдэл чөлөөт энерги болон илүүдэл химийн потенциалыг өндөр нарийвчлалтай тодорхойлох” шинэ арга зүйг боловсруулж, шингэн ба молекулын системийн онолын тооцоололд бодит ахиц дэвшил авчирсан судалгааг олон улсын сэтгүүлд бие даан хэвлүүлсэн нь өндөр практик ач холбогдолтой ажил болсон юм. Ийнхүү олон улсын сэтгүүлд бүтээлээ нийтлүүлэх нь судлаачийн мэргэжлийн ур чадварыг баталгаажуулахаас гадна Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил, нэр хүндийг олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой. Тиймээс залуу судлаачид маань эх орныхоо шинжлэх ухааны чадавхыг дэлхий дахинд таниулж буй бодит хувь нэмэр оруулж буй юм.
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-ны үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин хамтран ажиллаж ирсэн нь залуу судлаачдын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна. Энэ хүрээнд 2026 оноос эхлэн Монос Групп-тай хамтран ажиллах, нийт 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа. Уг дэмжлэг нь залуу судлаачдад чиглэсэн сургалт, судалгааны төсөл, эрдэм шинжилгээний хурал, чуулганыг зохион байгуулахад чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэв.






