
Дэлгэцэн дээр гардаг хэдхэн минутын ярианы ард юу болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Камер асахаас өмнөх сандрал, гэнэтийн асуудлууд, эвлүүлгийн ширээний ард өнгөрөөх урт шөнүүд гээд олон зүйл бий. Тиймээс энэ удаа нэвтрүүлгийн ард юу болдгийг влогоороо илүү бодитоор харуулъя гэж бодсон юм.
Ингээд бид баруун хязгаар Увс аймаг руу томилолтоор явлаа.

Онгоц Улаангом-д буухад цонхны цаана хязгааргүй мэт уужим тал, алсад хөхрөх уулс угтав. Агаар нь хүртэл цээж дүүрэн, цэлмэг. Аманд эрхгүй “Сүрлэг хархираа” аялагдмаар сүрлэг хайрханууд тэндээс цааш эгнэн харагдана. Хотын чимээ шуугианаас хол, нам гүм хэр нь сүрдмээр уудам орон зай.


Бидний зорьсон газар бол Өлгий сумын Өлгий нуур багийн нутагт орших контент бүтээгч Ц.Батзоригийн өвөө, эмээгийн гэр. Тийшээ явахаасаа өмнө бөх сонирхогч Басангаас яриа авч томилолтынхоо бүтээлийг баяжууллаа. Холын замд гарахдаа аль болох олон сонирхолтой хүн, сонин содон түүх үзэгчдэд хүргэхийг бид үргэлж хичээдэг.


Үүнээс хойш сааталгүй явсаар шөнө зорьсон газраа хүрэв. Зам урт ч инээд, яриа тасарсангүй. Нутгийн аялгыг ойлгох гэж анхааралтай чагнана, хааяа буруу ойлгоод инээлдэнэ. Тэгсээр байтал урт зам ч богиносчихсон мэт санагдсан.
Өглөө нь зураг авалт эхэллээ. Биднийг очлоо гээд хөдөөгийн амьдрал зогсохгүй. Тэр бүхний завсраар бид яриагаа авч, кадраа амжуулна. Амьдралын жам ёсоороо өрнөх тэр хэмнэл дунд л нэвтрүүлгийн жинхэнэ өнгө төрх бүрддэг билээ.


Мэдээж бүх зүйл төлөвлөснөөр болдоггүй. Бүтэн өдөржин зураг авалт хийсний дараа техникээ ээлжлэн цэнэглэж, боломжоороо аргацаана. Сүүлдээ аккумлятор хүртэл сууж, утасныхаа гэрлээр гэгээ оруулан бичлэгээ хийсэн ч үе бий. Гэхдээ зогсох эрх бидэнд байгаагүй. Тэр агшнууд л дараа нь хамгийн үнэ цэнтэй кадр болж үлддэг юм шиг ээ.


Хотод буцаж ирмэгц эвлүүлэг эхэлнэ. Кадр бүрийг дахин дахин үзэж, дууг цэвэрлэж, өнгийг тааруулна. Тэнд л нэвтрүүлэг амь ордог. Үзэгчид дэлгэцэн дээр сэтгүүлчийг л хардаг ч түүний ард зураглаач, эвлүүлэгч гээд олон хүний хөдөлмөр шингэж байдаг.
Мөн бид ганцаараа биш. Ийм хол зам, ийм хэмжээний ажлыг дэмжлэггүйгээр бүтээх боломжгүй. Замын зардал, техник хэрэгсэл, унаа тэрэг гээд олон зүйлд хамтрагч байгууллагууд маань түшиг болж өгдөг.
Тиймээс энэ бол зөвхөн бидний бус, хамтын хөдөлмөрийн үр дүн.


Ийнхүү зочиндоо ч, зочломтгой занд нь ч, зон олон, нутаг усанд нь хорогдож ээнэгшиж дассаар энэ удаагийнхаа томилолтыг дуусгалаа.
Бидний бүтээлийг үзэж, урмын үг хайрласан бүхэндээ баярлалаа. Тэр бүх дэмжлэг дараагийн замд минь урам болж, дахин микрофон үүрээд замд гарах хүч өгдөг шүү.







