
Бодлого, Манлайллын Хүрээлэнгийн УЗ-ийн дарга, улс төрийн технологич Р.Батсайхантай ярилцлаа.
Асуулт: – Таньтай монголын улс төрийн өнөөгийн нөхцөл, ойрхи цагийн төлөв зэргийн тухай ярилцъя гэж бодсоор яваад одоо л таарч, боломж гарч байна. Та ийм сэдвээр ярилцахад дургүйцэхгүй биз дээ?
Хариулт: – Дуртай, дургүйн асуудал биш ээ. Чамайг зориуд цаг гаргаад ирсэн болохоор тэрийг чинь үрэхгүйн тулд ярилцъя.
Асуулт: – Та одоо ямар ажил эрхэлж байна вэ? Улс төрд оролцоотой байгаа юу?
Хариулт: – Сүүлийнхээс нь эхэлж хариулъя. Би урьд нь ч улс төрд оролцож байгаагүй, хойшид ч оролцохгүй. Яг одоо эрхэлж байгаа ажил гэвэл Бодлого, Манлайллын хүрээлэн гэх ТББ-ын Удирдах зөвлөлд ажиллаж байна.
Асуулт: – Улс төрд оролцож байгаагүй гэж үү? Таныг өчнөөн сонгуульд ажилласан гэж ярьдаг шүү дээ.
Хариулт: – Сонгуулиар зөвлөх үйлчилгээний захиалга гүйцэтгэх нь улс төрд оролцож байгаа хэрэг огт биш. Технологийн үйлчилгээ үзүүлсэн л хэрэг. Улс төрд оролцох гэдэг нь тодорхой улс төрийн үзэл баримтлалыг сонгоод, тэр чиглэлийн улс төрийн нам, бүлэглэлд гишүүнээр элсэж, татвараа төлөөд, өөрийн итгэж үнэмшиж буй үзэл баримтлалыг төрийн бодлого болгохын тулд идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг хэлдэг юм. Миний хувьд улс төрчид, улс төрийн намд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэр нь улс төрд хамааралтай гэсэн үг биш. Надад намын гишүүнчлэл байхгүй.
Асуулт: – Намгүйгээр улс төрд оролцох боломтой юу?
Хариулт: – Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ч тэр, практик туршлагыг харахад ч тэр намгүй улс төр боломжгүй. Нам гэхээр үзэн ядаад, муусайн намчингууд гэх мэтээр хараах шахуу болдог хүмүүс цөөнгүй болсон. Үнэндээ нам бол төр – иргэдийг холбогч гүүр болдог иргэншлийн хэрэгсэл шүү дээ. Ардчилсан тогтолцоо нь төрийг олонхийн саналаар бүрдүүлдэг. Олонхийн санал авахын тулд институци болох, үзэл бодлоо нэгтгэн тунхаглах, иргэдэд ойлгуулж дэмжлэг авах гэх мэт хэрэгцээ үүснэ. Нам байж гэмээ нь ойролцоо үзэл бодолтой, улс төрд сонирхолтой хүмүүст хандах, цуглах нөхцөл анхлан бий болж байгаа юм. Үгүй бол хэндээ хаашаа хандаж төвлөрөл, нэгдэл үүсгэх вэ. Бие даагчид хол явдаггүйн шалтгаан нь хэдий тойргийн иргэдийн олонхийн саналыг авлаа ч төрийн бодлого болгоод хэрэгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, тэрнийг гардан гүйцэтгэх хүний нөөц байхгүй гэх мэт үй олон брэхшээлтэй тулгарна. Монголын намууд ялгарал муутай, үзэл баримтлал нь тодорхой бус байгаагаас нам гэхээр авлигач, луйварчдын бөөгнөрөл гэж ойлгогдох болсон тал бий. Гэхдээ л иргэншлийн түүхээр өөр арга одоогоор байхгүй. Нам гишүүдээ улс төрд бэлтгэх, парламентын мэтгэлцээнд сургах ёстой юм. Тэгэхгүй байгаагаас нийгмийн сүлжээний наймаачин, иргэдээ “өвтгөх” донтон, заналхийлэгч багш гэх мэт шалгаралаар тодроогүй зайгуул хүмүүс орж ирээд улс төрийг муухай харагдуулаад байгаа. Жагсаалтыг улс төрд бэлтгэгдээгүй хүмүүсээр дүүргэснийхээ горыг голллох намуудын удирдлага одоо ойлгосон байх, Н.Учрал 3 жил анхан, дунд шатанд ажилласан байх гэсэн шаардлага бий болгож байгаагаа хэлсэн байна лээ. Улс төр бол эко системгүйгээр орших боломжгүй салбар юм. Эко системээ олигтой бүрдүүлж чадахгүй, хүмүүсээ улс төрд бэлтгэхгүй байгаагаас цүнх баригчдын боловсрол гэх тогтолцоо үүсэн бэхжжээ. Саяхан би залуухан “дарга” – Даргын “цүнх баригч” байх нь маш том ментор хөтөлбөр гэж айлдсныг уншсан. Элгээ хөштөл инээлээ. Цүнх барихаар юу болдог гээч… Цүнхний эзэн даргаа “role model” болгоод түүнийхээ яриа, биеэ авч явах маяг, дуу хоолойг хүртэл хуулбарлаж, даргын зараалд ийш тийш явахыгаа асар их ажил амжуулж, ихийг сурсан гэж төсөөлдөг болчихдог юм. Нэг сайд туслахаа “Энэ нэг юм хүн загнаад болохоо байчихлаа. Намайг дууриагаад байх шиг байгаа юм. Би хэзээ, хэнд юу хэлэхээ мэднэ. Энэ болохоор хэнийг ч хамаагүй загнаад байх юм” гэж ярихыг сонсож байлаа. Дарга хүн зодвол цүнх баригч дагаж зодоод, дарга архи уувал дууриаж согтуураад… ийм маягийн “боловсрол” эзэмшсэн гишүүд, төрийн албан хаагчид цөөнгүй бий.
Асуулт: – Цүнх барихгүйгээр улс төрд бэлтгэх ямар тогтолцоо байгаа юм бэ?
Хариулт: – Иргэншсэн улсад намууд улс төрийн эко системээ бүрдүүлэх, бойжуулах, тогтвортой ажиллуулахад ихэнх хүчээ зарцуулдаг. Гишүүдээ улс төрийн технологид сургахгүй бол амны зоргоор ярих, хийх, хийхгүй зүйлээ ялгаж мэдэхгүй онигооны баатар болох нь түгээмэл. Сургаагүй болохоор аргагүй шүү дээ. Анхан шатны улс төрийн дадал, чадвар суугаагүй хүмүүс парламентад суудал бөглөж байгаа. Америкийн БНН гэхэд консерватив үзлийг сурталчилдаг, сургадаг, судалдаг, бодлого гаргадаг, санхүү бүрдүүлдэг үйл олон ТББ-уудаар дамжуулан гишүүдээ улс төрд бэлтгэж байна. Намын эко системээр дамжаагүй хүмүүсийг иргэдийн хурал, парламентэд дэвшүүлэхгүй. Трамп үүнийг ойлгосныхоо дараа л дэмжлэгтэй болж эхэлсэн байдаг.
Асуулт: – Монголын намуудад эко систем байхгүй гэж үү?
Хариулт: – Бараг ганцхан МАН-д л хуучны коммунист загвартай эко систем бий. Бусад нь МАН-аа хуулбарласан бүтэцтэй, өөрийн тогтсон системгүй өдий хүрсэн. Ардчилсан намд Улс төрийн боловсролын академи ч билүү нэг бүтэц байсан. Сайн ажиллаагүй байх. Ер нь Монголын улс төрийн намууд бүгд коммунист загвар авчихсан. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг чинь коммунист нэршил. Орчин үеийн намууд ерөнхий менежер, ерөнхий захирал, ерөнхийлөгч гэх мэтээр энэ албан тушаалыг нэрлэдэг. 90 онд коммунист намаа татан буулгалгүйгээр үргэлжлүүлээд тэр загварыг шинэ намууд нь хуулбарлаад… өдий хүрчихсэн. Тэрний балгийг бид нийтээрээ эдэлж яваа. Path dependency – гэж нийгмийн өвчин. Туулсан замын хамаарлаас зориудаар, бодлоготойгоор салахгүй л бол урт удаан нөлөө үзүүлсээр байдаг. Болгар, Польшид коммунист үеийн кинонуудыг гаргахыг хориглосон гэдэг нь бодлогоор хуучин ойлголтоос салж байгаа юм. Манайд болохоор хуучинтайгаа зууралдаад бүр таашаах, шүтэх шинж ороод л… Зөвлөлтүүдийн зохиож өгсөн түүхээс салах талаар одооноос л ярьж эхэлж байна. Монгол яагаад хурдан хөгжихгүй байна аа гэх асуултын нэг хариулт энд бий. Чи жишээлбэл нийгмийн сүлжээнд “Социализмын үед л сайхан байсан. Одоо хэрэг алга” гэх посттой байнга шахуу таардаг биз дээ? Бодит үнэн гэвэл социализм бүтээмжгүй нийгэм байсан болохоор өөрөө нураад уначихсан юм. Одоотой харьцуулшгүй дорой нийгэм байсан. Барааны, сэтгэхүйн, мэдээллийн хомсдол … ер нь бүхий л хомсдол нүүрлэчихсэн. 90 оны өмнөхтэй харьцуулахад маш олон дэвшил гарсан. Гэтэл үгүйсгэсээр л байдаг. Коммунист үеийн удирдлагын загвар, бүтцийг одоо байлгаад байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Асуулт: – Монголын улс төрийн намуудад нийтлэг ажиглагддаг дутагдал юу вэ?
Хариулт: – Судалгаанд суурилсан, шинжлэх ухаанд тулгуурласан бодлого, үйл ажиллагаа багатай. Хүслээ ярихыгаа бодит байдал гэж ойлгодог. “Ирэх хоёр ч сонгуульд манай нам ялах нь тодорхой” гэж ярьж байгаа улс төрч хүслээ л ярьж байгаа. Судалгаа огт өөр байдлыг харуулж байхад “Гурван ч сонгуульд нөгөө нам ялсан тул манай ээлж” гэх маягийн тайлбарыг туршлагатай гэхээр улс төрч ярьж байгаа нь улс төрийн мөн чанарыг ойлгох болоогүйн л шинж. Эко системээ бодлогоор хөгжүүлэхгүй, тордохгүй байгаагаас хүний нөөцийн хомсдолд байнга өртдөг. “Нэр цэвэр залуус намыг удирдаж байгааг хараад 2027, 2028 оны сонгуульд ялалт байгуулж, төр удирдах нь гарцаагүй” гэх дүгнэлт хийгээд тэрийгээ олонд зарлаж байгаа хүн улс төрийг огтхон ч ойлгоогүй гэсэн үг. “Ерөнхийлөгчөө захиалья” гэж ярьж байгаа нам бол бүр юу ч байхгүй байгаагийн шинж. Нам нь тодорхой үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэдгээрээ бусад намаасаа ялгарч байх ёстой. Гэтэл хэн ч хамаагүй, иргэд таалах нэгнийг тэдний саналаар дэвшүүлэх тухай бодож байгаа бол тэр намд ямар ч үзэл, хүний нөөцийн бодлого байхгүй. Боломж хайгчид, завшааныг шүүрэх эрмэлзэлтэй хүмүүсээр дүүрсэн гэсэн үг. Дампуурах нь тодорхой. Ардчилал бол үзэл баримтлал биш шүү дээ, нийгмийн тогтолцоо. Ардчиллын төлөө бид л тэмцнэ, бидэнгүй бол ардчилал байхгүй гэх мэт яриа бол хоосон. Ардчилсан тогтолцоог дэмждэг үзэл баримтлалууд бий. Тэгэхээр аль үзлээр нь засаглах гээд байгаагаа маш тод харуулж, баримталж байж л ялгарал үүснэ. Тэрийгээ дагаад дэмжлэг татна. Улс төрийнхөө мөн чанарыг ойлгоогүй улс төрч, нам их байна. Энэ талаар боддоггүй, хэлэлцдэггүй. Тийм соёл огт байхгүй. Америкийн БНН гэхэд байгуулагдснаасаа хойш 111 жилийн дараа л улс төрийн мөн чанарыг утгаар нь ойлгосон гэж өөрсдөө хэлдэг.
Асуулт: – Мөн чанар нь юунд юм бэ?
Хариулт: – Нэр цэвэр хүн удирдах, зөв бодлоготой байх, олон жилийн туршлага, гишүүдийн тоо… энэ бүхэн улс төрийн амжилтыг тодорхойлдоггүйг Бүгд найрамдахчууд 1964 оны сонгуульд навс ялдагдсныхаа дараа, алдаагаа сайтар судалж, шинжихдээ ойлгожээ. Ялалтыг нэгд, нам бус дэмжигчдийн тоо шийдвэрлэдэг юм байна. Хоёрт, нам бус дэмжигчдийн тоог олон байлгах гэвэл улс төрийн технологид суралцах, эзэмших ёстой юм байна гэдэг хоёр том сургамжийг тэд авсан. Ардчилсан тогтолцооны үед улс төрийн мөн чанар нь нам бус сонгогчдын олонхийн дэмжлэгийг авах чадварт л оршдог. Одоо манай нам ялах ээлж гэж юм байхгүй. Муу, буруу бодлоготой ч улс төрийн технологи эзэмшсэн бол ялж болох тод жишээг Германы нацистууд үзүүлсэн. 1930-аад онд дэлхийн улсууд коммунизм, фашизмын альнаар нь явах билээ гэж эргэлзэхээр үр дүнг Сталин, Гитлер хоёр үзүүлж байжээ. Коммунист, фашист аль аль нь улс төрийн технологийг гаргууд эзэмшсэн, нийгмээ чиглүүлж чадаж байсан. Нөлөөнд нь Их Британид хүртэл фашист нам байгуулагдаад сандаргасан байдаг. Тэгэхээр ялахын төлөө юу хийсэн юм, юу сурч мэдсэн, эзэмшсэн юм гэдгээр л улс төрийн амжилт тодорхойлогдно. Энэ нь эко системгүйгээр бүтэшгүй зүйл. Намуудын гишүүдийн тоо их байлаа гээд сонгуулийн дүнд олигтой нөлөөлдөггүй. Харин нам бус сонгогчдын дэмжлэг л шийдвэрлэх нөлөөтэй байсаар ирснийг Монголын бүх сонгуулийн дүн харуулдаг. Тэгвэл сонгогчдын дэмжлэгийг яаж татах юм бэ? Энэ бол бие даасан шинжлэх ухаан, технологи – урлагийн хослол. Стратегийн харилцаа гэдэг.
Асуулт: – Улс төрийн судалгаа тогтмол хийгээд л байх шиг харагддаг. Судалгаанд суурилдаггүй гэдэг дэгс биш үү?
Хариулт: – Судалгааныхаа дүнг уншиж чадахгүй байгаа юм. Датаг шинжих гэдэг нь нэг зүйл мэргэшил болж байгаа чадвар. Жишээ нь, тогтмол хийгддэг улс төрийн барометр судалгааг хараад “энэ ийм сайн байх ёсгүй”, “энэ худлаа судалгаа байна” гэх нь цөөнгүй таардаг. Асуумж дээрх асуултыг харах юм бол улс төрчдөд 10 онооноос хэдийг өгөх вэ? гэсэн байна. Судалгаанд оролцогчид хамгийн өндөр оноо авсан улс төрчид 6,2 гэдэг дүн тавьжээ. Сурлагын дүнгээр жишвэл энэ бол дөнгөж дунд үнэлгээ. Сайн гэсэн утга огт алга. Ядаж 8 авч байж сайн луу орох байх. Гэтэл “энэ ийм сайн байх ёсгүй” гэж байгаа нь датагаа унших чадваргүй байна. Саяхан намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай улс төрчдийн дэмжлэгийг судалсныг араас бас л иймэрхүү үгс гарч байгаа юм. Яг датаг нь харвал судалгаанд оролцогсдын 30 хувиас дээш дэмжлэг авсан хүн байхгүй. Сонгуулийн гарааны рейтинг 30 хувиас доогуур нөхцөлд ялалт байгуулах талаар бодоход хүнд шүү. 70 хувь нь чамайг дэмжихгүй гэж байхад ялах гэдэг хүнд зорилт болно. Яахав, төсөөллийн дүн л дээ. Яг сонгууль ойртохоор их өөрчлөгднө. Гол нь асуултыг нь ухах, ойлгох чадвар их сул байна.
Асуулт: – Тэгэхээр барометр гэдэг чинь муунууд дотроо арай гайгүй нь хэн бэ гэдгийг л харуулж байгаа юм уу?
Хариулт: – Ерөнхий боловсрол эзэмшсэн хэн боловч судалгааны тоо хараад оюун дүгнэлтээ өөрөө хийх чадвартай байх ёстой. Нөгөө талдаа сайн оноо авахыг хэн ч хориогүй.
Асуулт: – Тэгвэл ирэх сонгуулиудын дүнг та юу гэж таамаглаж байгаа вэ?
Хариулт: – Таамаглахын аргагүй л сонгууль болно. Мэдээллийн орчин нөхцөл орвонгоороо өөрчлөгдөж байгаа цаг үед жил, хоёр жилийн дараах үр дүнг таамаглах гэдэг маанаг хүний л ажил байх. 2023 оноос нийгмийн сүлжээний хандлага, соёл эрс өөрчлөгдсөн болохыг судлаачид хэлж байгаа. Гэтэл монголд бахь байдгаараа л хандаж байгаа. Тасралтгүй суралцах, мэдлэгээ байнга шинэчлэх, мэргэжилтэнд итгэх зэрэгт суралцаж чадсан, өөрчлөгдөж чадсан нам, нэр дэвшигч л ялна гэж би хэлж чадна. 2023 онд би Австралийн Liberal намын стратегичидтэй уулзсан. Сонгуульд ялагдсан гол шалтгааныхаа нэгийг орчин үеэ ойлгоогүй, цаг үедээ дасан зохицож чадаагүйд байлаа гэж дүгнэж байсан. Энэ тун чухал дүгнэлт юм. 2026 оны нөхцөл байдал 2028 онд хадгалагдаж байх юм шиг төсөөлбөл тэр нам шууд ялагдна. Монголын практикт Ардчилсан нам 2020 оны сонгуульд өөрчлөгдөж байгаа нөхцлийг огт ойлгохгүйгээр ороод навс ялагдсан. Дарга нь ч юм ойлгохооргүй хүн байсан даа, хөөрхий. 2024 онд хагас дутуу ойлгоод арай дээр ялагдсан. Цаашид яах юм байгаа юм. Дуртай дууг нь дуулж өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд байвал ялагдахын эхний цондон болдог.
Асуулт: – Мэдээллийн орчин нөхцөл орвонгоороо өөрчлөгдөж байгаа гэдэгт юуг хэлж байна вэ?
Хариулт: – AI – хиймэл оюун мэдээллийн орон зайд давамгайлах нь тодорхой болчихсон. Энэ технологид суралцахгүй бол бид хоцрогдож үлднэ.
Асуулт: – Монголын улс төрчид тэгэхээр улс төрийн технологид ердөөсөө суралцаагүй гэсэн үг үү?
Хариулт: – Бүх улс төрчдөд наад үгээ хамаатуулах нь логикгүй л хэрэг байх. Дийлэнх нь гэвэл бодитой сонсогдно. Жишээ нь, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гэх хүн байна. Хөөрхий ямар ч ойлголт, технологи байхгүй. Олон жил хар мангараар л үзээд байдаг. Тэр ер нь уншдаггүй байх. Талбай дээр сунаж мөргөж хүртэл үзлээ шүү дээ, хөөрхий минь. Олны анхааралд өртчихвөл л болно гэж бодоод яваа шиг байгаа юм. Цагаа дэмий зүйлд үрж байхаар улс төрийн технологид суралцах, дадлагажих хэрэгтэй. Улс төрийн сонголт маш түвэгтэй, зүгээр л олныг шуугиулж, танигдахад болчихно гэж бодвол эндүүрэл. М.Нарантуяатай барьцах гэж байгаа бол буруу. Тэр чинь жагсаалтаар сонгогдох боломж бүхий намтай наймаацаад орж ирсэн, бодитой тооцоолол хийсэн хүн. Бараг л “би ганцаараа төлсөн” гэх маягийн зүйл ярьсан байна лээ. А.Отгонбаатарт энгийн тооцоолол ч алга. Нуль хар ухаандаа найдаад ойж буугаад, үсчиж цовхчоод янз бүр л болох юм. Одоо шалдлах үлдэж байх шиг. Ийм улс төрч олон байгаа.
Асуулт: – Таныг хар пиар (PR) хийхэд дадчихсан, ёс зүйгүй, түрэмгий ажиллагаа их хийсэн гэж дуулсан. Тэр талаар яриач
Хариулт: – Хар пиар гэж юуг хэлж байгаа юм бол?
Асуулт: – Өрсөлдөгчөө муулах, харлуулах пиарыг хэлдэг биш үү?
Хариулт: – Муулаад бол ер үр дүнгүй. Шүүмжлэхийг муулах гэж ойлгож байгаа бол эндүүрэл. Ер нь хар пиар гэж орос, монголд л хэрэглэдэг нэршил. Монголчууд одоо болтол оросуудыг дууриадаг хэвээрээ байгаагийн илрэл байх. Америкт очоод хар пиар гэж ярьвал ойлгохгүй. Афро-америкчуудын олон нийтийн харилцаа гээд ойлгочих байх шүү. Хар пиар, ер нь пиар гэж нэршил хоцрогдсон. Сонирхогчид л ийм юм яриад явдаг юм. Стратегийн харилцаа гэдэг болсон. Тэр дотор олон харилцаа багтдагийн нэг нь л олон нийтийн харилцаа. Намайг ёс зүйгүй, балмад ажиллагаа явуулсан гэх тодорхой баримт, жишээ байна уу, чамд?
Асуулт: – Жишээ нь 60 тэрбумын хэрэг гэдгийг таныг сэдсэн гэсэн
Хариулт: – За ёстой, баримжаагүй гүжирдлэг шүү. Г.Доржзодов гэх шүгэл үлээгч энэ талаар анх дуугарсан. Тууштай явсан, улсаараа шахуу л мэднэ. Сэдсэн хүмүүс гэвэл А.Ганбаатар, Ц.Сандуй нар гээд тэр үедээ зөндөө л шуугисан. Зарим эх сурвалж, Т.Ганболд болохоор 60 тэрбумын схемийг анх сэдсэн нь Т.Доржханд гээд нэрлэсэн ч удаатай.
Асуулт: – Тэгвэл сайд асан Д.Зоригтын үсийг хусаж, улмаар сонгуульд ялагдуулсан ажиллагааг та хөтөлж явуулсан юм биш үү? Бас Багануурын ДЦС-ыг гацаасан ч гэх шиг
Хариулт: – Би алинд нь ч шууд хамааралгүй. Өөр эзэнтэй. Ч.Мөнхбаяр гэж сэтгүүлч, тэмцэгч өөрөө хэвлэлийн хурал зарлаад, тэр үеэрээ Д.Зоригтын үсийг хусах зан үйл хийсэн юм. 2012 оны сонгууль шиг санаж байна. Багануурт баригдаж байгаа ДЦС эрчим хүчний сүлжээний ачаалал, горимд нийцэхгүй байна гэж шүгэл үлээсэн хүн нь бас Ч.Мөнхбаяр. Үнэн гэвэл гудамжнаас төсөл, хөтөлбөрийг гацаах ямар ч боломж байхгүй. Яаж ч эсэргүүцэж, шүүмжилсэн чадахгүй. Хариуцсан сайд, дарга нар хийж чадаагүй ажлаа “тэмцэгчид гацаачихлаа” гэж аргалдаг шиг байгаа юм. Шийдвэр гаргах эрх, мандатыг сонгогчид тэдэнд өгсөн шүү дээ. Гацах эрх байхгүй.
Асуулт: – Гэхдээ та тэдгээрийг сурталчилгаанд ашигласан ч юм уу, дэвэргэхэд оролцсон биш үү?
Хариулт: – Нийтэд нээлттэй, эх сурвалжтай мэдээллийг ашиглах нь хуулийн дагуу. Огт оргүй биш, гүтгэлэг биш, буух эзэнтэй мэдээллийг ашиглахгүй бол тэнэглэл биз. Ер нь миний талаар иймэрхүү хар таамгийн шинжтэй ташаа яриа, мэдээллүүд их байдаг. Бодит үнэн гэвэл би шинжлэх ухаанд суурилсан, бодитой сурталчилгаа, технологи ашиглахыг эрмэлзэж ирсэн.






