
Өнгөрсөн ням гарагт Мексикийн зэвсэгт хүчнийхний Халиско мужийн Тапальпа хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр Мексикийн хар тамхины хамгийн том хоёр картелийн нэг “Халискогийн шинэ үе” картелийн босс Эль Менчо нэрээрээ алдартай 59 настай Немесио Осегера Сервантес амь үрэгджээ. Үүнтэй холбоотойгоор Мексик даяар эмх замбараагүй байдал үүссэн байна.
“Халискогийн шинэ үе” картелийн гишүүд боссыг нь хөнөөсний хариуд Мексик даяар эмх замбараагүй байдал үүсгэж, авто замуудыг хааж, замдаа таарсан автомашин, автобус зэргийг галдан шатааж, дэлгүүр хоршоо, банкны салбаруудыг дээрэмдэн тонож, хууль сахиулагчдын эсрэг хүч хэрэглэжээ. Мексикийн зарим хотуудад үүнтэй холбоотойгоор дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүд, банкны салбарууд болон сургуулиуд хаалгаа барьж, нийтийн тээврийн хөдөлгөөн зогсжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаумаас хар тамхины картелуудтай тэмцэхийг шаардсаар ирсэн тул Эль Менчогийн үхэл Мексикийн эрх баригчдын хувьд томоохон ялалт болоод байна. Эль Менчогийн “Халискогийн шинэ үе” картелийн эсрэг тусгай ажиллагааг Мексикийн зэвсэгт хүчнийхэн АНУ-аас авсан мэдээллийн тусламжтай явуулсан аж.






