
Өнгөрсөн даваа болон мягмар гарагт БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин бизнес эрхлэгчидтэй уулзан, Бээжин хотын технологийн паркуудаар зочилжээ. Тэрээр Бээжин хотын Дончэн дүүрэгт гарсан Цагаан сарын баярын үзэсгэлэн худалдаагаар ороод гарахдаа Хятадын уламжлалт нарийн боов хийж борлуулдаг Даосянькун нэртэй нарийн боовны сүлжээ дэлгүүрийн лангуунаас гурван төрлийн боов 45 юаниар худалдан авсан нь олны анхаарлыг татаж, Даосянькун дэлгүүрээс Хятадын төрийн тэргүүний худалдан авсантай адил нарийн боов худалдан авах хүсэлтэй үйлчлүүлэгсдийн тоо эрс нэмэгджээ.
Даосянькун нарийн боовны сүлжээ дэлгүүрийн ажилтан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа Хятадын Ерөнхийлөгч зөгийн балаар бүрсэн мушгиа боорцог, кремийн хавчуургатай мушгиа боов, цэцгэн хэлбэртэй чавганы хавчуургатай давхраат жигнэмэг гэсэн 3 төрлийн нарийн боов худалдан авсан аж.
Ерөнхийлөгч Си Жиньпины хийсэн худалдан авалтаас хойш Даосянькун нарийн боовны сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, Си Жиньпины худалдан авсан боов боорцгийн эрэлт огцом өсжээ.
Хятадын төрийн тэргүүн Даосянькунаас гадна Yili Bakery нарийн боовны дэлгүүрээр зочилж, 14 юанийн үнэтэй жимстэй талх худалдан авчээ. Тэрээр багадаа Бээжинд амьдарч байхдаа Yili Bakery дэлгүүрийн цөцгийтэй боовонд дуртай байсан аж.
Эх сурвалж: The Guardian






