
Сүүлийн 12 жилийн хугацаанд медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн чиглэлээр тасралтгүй судалгаа хийж ирсэн “MMCG” компани Монголын топ 50 компанийн гүйцэтгэх захирал болон С түвшний удирдлагуудад зориулсан “CEO Survey 2026” судалгааны тайлангаа танилцууллаа.
Тайланд 2026 онд дэлхийн болон Монголын зах зээлд нөлөөлөх гол хүчин зүйлс, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, шийдвэр гаргалтад дата болон хиймэл оюун ухааны гүйцэтгэх үүрэг, медиа хэрэглээний чиг хандлага, хиймэл оюун ухаанд суурилсан судалгааны шинэ шийдлүүдийг онцлон дурдсан байна.
Хиймэл оюун ухааны “хэт хөөрөгдөл” ба бодит хэрэглээ


MMCG компанийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ хэлэхдээ:
“Дэлхий даяар хиймэл оюун ухааны хэт хөөрөгдөл (AI hype) багасаж, “заавал хэрэглэх ёстой технологи” гэхээс илүүтэйгээр аль хэсэгт, хэрхэн ашиглавал илүү үр өгөөжтэй вэ гэдэгт анхаарч эхэлсэн. Компаниудын хувьд дотоод үйл ажиллагаагаа автоматжуулах, бүтээмжээ нэмэгдүүлэх, хүний нөөцийн хомсдолыг нөхөх чиглэлд хиймэл оюун ухааныг ашиглах хандлага давамгайлж байна. Харин хэрэглэгчдийн зүгээс өөрсдөд нь илүү ойлгомжтой, хувь хүнд нь нийцсэн, чанартай үйлчилгээ, туршлага бий болгоход хиймэл оюун ухааныг ашиглахыг илүүд үзэж байна” гэлээ.
Судалгаагаар 2025 онд цахим орчинд хиймэл оюун ухаанаар олноор, утга агуулга багатайгаар үйлдвэрлэсэн контент 200 хувиар өссөн бөгөөд хэрэглэгчдийн 82 хувь нь ийм төрлийн контентод сөрөг хандлагатай байгааг онцолжээ. Хэрэглэгчид үүнийг “AI слот” хэмээн нэрлэх болсон нь анхаарал татаж байна.
Өөрөөр хэлбэл, технологийн хэт хэрэглээнээс илүү хүний оролцоотой, чин сэтгэлийн, бодит харилцаа, хичээл зүтгэлийг хэрэглэгчид илүү үнэлэх болсон байна.
Худалдан авах чадвар буурч, шинэ үе тодорч байна


MMCG компанийн Судалгаа, стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Түвшинмандахын хэлснээр, хэрэглэгчдийн худалдан авах чадвар сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурсан нь инфляц болон эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбоотой аж.
Тэрбээр:
“Зах зээлд үеийн шилжилт ид явагдаж байна. Z үеийнхэн зах зээлийн гол хэрэглэгч болж байсан бол одоо Альфа үе гарч ирж байна. Нөгөө талаас монголчуудын боловсрол, мэдээлэлд хандах боломж эрс нэмэгдсэн. Гадаад улс орнуудаар аялж, олон улсын платформоос мэдээлэл авч, хиймэл оюун ухааны хэрэгслүүд ашиглаж байна. Үүний үр дүнд хэрэглэгчид илүү дэлхийн стандарт шаарддаг болсон. Ийм нөхцөлд бизнесүүд уламжлалт арга барилаар зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй болж байна” хэмээн онцоллоо.
Түүний хэлснээр, зах зээл олон талт өөрчлөлтийн эхэн үедээ явж байгаа тул байгууллагууд стратегиа эргэн харж, хэрэглэгчээ илүү гүнзгий ойлгох шаардлагатай болжээ.
2026 оны зах зээлийн гол чиг хандлага
“CEO Survey 2026” тайланд байгууллагуудын борлуулалтын төлөв, эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар, төрийн бодлого, зах зээлийн боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулсан байна.
Ийнхүү MMCG компани 2026 оны зах зээлийн төлөв, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, медиа хэрэглээ болон хиймэл оюун ухаанд суурилсан судалгааны шинэ шийдлүүдийг бизнесийн удирдлагуудад танилцуулж, стратегиа шинэ нөхцөлд нийцүүлэн тодорхойлох шаардлагатайг онцоллоо.







