
Өмнөд Солонгосын Жиндо суурины тэргүүн Ким Хи Су төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд Вьетнам эсвэл Шри Ланкаас “залуу бүсгүйчүүдийг импортолж орон нутгийн эрчүүдтэй суулгах” санал гаргасан нь олон нийтийн төдийгүй вьетнамчуудын бухимдлыг төрүүлжээ.
БНСУ нь дэлхийн хамгийн бага төрөлттэй улс бөгөөд энэ эрчээрээ ирэх 60 жилд тус улсын хүн ам хоёр дахин буурах төлөвтэй байгаа билээ.
Хүн амын тоо буурч байгаатай холбогдуулан Жиндо суурины байрлах Өмнөд Жолла мужийг Гванжү хоттой нэгтгэх асуудал яригдаж байгаа ба Жиндо суурины удирдлагууд уг асуудлаар иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтын үеэр Жиндо суурины тэргүүн Ким Хи Сугийн хийсэн дээрх мэдэгдлийг телевизээр цацсан нь Вьетнамын эрх баригчдыг бухимдуулж, түүнийг БНСУ-ын Ардчилсан намаас хөөгдөхөд хүргэжээ.
Сөүл дэх Вьетнам улсын элчин сайдын яам Ким Хи Сугийн мэдэгдэл нь зөвхөн санал бодлоо илэрхийлсэн явдал биш харин цагаач эмэгтэйчүүд, цөөнхийн бүлэгт хандаж буй хандлагыг харуулсан явдал байлаа хэмээн буруушаажээ.
Жиндо суурины тэргүүн Ким Хи Сугийн зүгээс орон нутагт хүн ам цөөрч буй асуудлыг онцлох зорилготой байсан, ингэхдээ тэрээр тохиромжгүй үг хэллэг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан ч БНСУ-ын Ардчилсан намын гишүүд Ким Хи Суг намаасаа хөөхийг санал нэгтэйгээр дэмжжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн болон цагаачдын эрхийн төлөөх байгууллагууд энэ мягмар гарагт Жиндо суурины захиргааны гадаа жагсахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: bbc.com






