
АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын Медикэйр болон Медикэйд хөтөлбөрүүдийг хариуцсан агентлагийн эрхлэгч, зүрх судас, цээжний хөндийн мэс засалч Мехмет Оз АНУ-ын хэд хэдэн мужид улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдийг улаанбурхны эсрэг вакцинд хамрагдахыг уриалжээ.
Тэрээр, “Вакциндаа хамрагдаач гэж гуйж байна. Бидэнд тулгараад буй асуудлын шийдэл нь бэлэн байна. Өвчин бүр харилцан адилгүй, хүн болгоны халдварт өвчинд өртөх эрсдэл ч өөр өөр. Улаанбурхан бол вакцинд нь хамрагдах ёстой өвчин юм.” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Өмнөд Каролина мужид бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдлуудын тоо 2025 онд Техас мужид бүртгэгдсэн тохиолдлуудыг даваад байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагийн байдлаар 2026 он гарснаас хойш АНУ-д улаанбурхан өвчний нийт 733 тохиолдол бүртгэгджээ. Харин Өмнөд Каролина мужид өнгөрсөн намраас хойш нийт 920 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчний халдвар авсан тэдгээр иргэдийн 95 хувь нь улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй болох нь тогтоогдоод байгаа аж. Түүнчлэн халдвар авсан иргэдийн 85 хувь нь 19 хүртэлх насны хүүхэд залуус, 28 хувь нь 5-аас доош насны хүүхдүүд байгаа аж.
2025 онд АНУ-д улаанбурхан өвчний 2276 тохиолдол бүртгэгдсэн ба уг өвчний улмаас 3 хүн нас баржээ. Дэгдэлтийн байдлаас харвал энэ онд тус улсад бүртгэгдэх улаанбурхан өвчний тохиолдлуудын тоо өнгөрсөн оны үзүүлэлтийг давах төлөвтэй байгаа ба ингэснээр АНУ 2000 онд улаанбурхан өвчнийг устгасан улс гэсэн статус авч байсныгаа алдахад ойрхон байна.
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зарим нэг халдварт өвчнүүдийн тохиолдол нэмэгдэж буй нь иргэдийн дунд вакциныг эсэргүүцэх, вакцины ач тусад эргэлзэх хандлага нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: The Guardian






