
Хонконгийн шүүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, гадаадын хүчнүүдтэй үгсэн хуйвалдсан хэргээр Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийн томоохон төлөөлөл болсон Жимми Лайд 20 жилийн хорих ял оногдуулжээ.
Шүүгч Жимми Лайг Apple Daily сониноо ашиглан гадаадын засгийн газруудад Хонконг болон БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан гэж үзсэн аж.
Хятадын Гуаньжоу хотод төрсөн тэрээр 12 настайдаа загас агнуурын завиар Хонконг хотод халаасандаа ганц ч зоосгүй ирж байсан Жимми Лай даавууны үйлдвэрийн ажилтнаас олон улсад нэртэй хувцасны томоохон брэндийн эзэн болсон түүхтэй.
1989 онд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг Хятадын эрх баригчид хүч ашиглан дарсан явдлын дараа Жимми Лай хувцасны бизнесээ орхин, хэвлэл мэдээллийн салбарт хүч түрэн орж, Бээжинг ил тод шүүмжлэх болсон юм.
Хонконгийг БНХАУ-ын мэдэлд шилжүүлэхээс өмнө 1995 онд Ж. Лай Apple Daily сониноо эрхлэн гаргаж эхэлсэн ба ардчиллын төлөөх жагсаал хөдөлгөөнд тогтмол оролцож, манлайлагчдын нэг нь болжээ.
Хонконгчууд түүнийг ардчиллыг хамгаалагч гэж үздэг бол Бээжин түүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч гэж харсан юм.
Хонконгийн засаг захиргаа гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг танилцуулсантай холбоотойгоор 2019 онд Хонконгт эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж, олон сарын турш үргэлжилсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Бээжин 2020 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж, уг хуулийн дагуу 2019 оны жагсаал цуглаанд оролцсон олон зуун хүмүүсийг баривчилж хорьсоны нэг нь Жимми Лай юм.
78 настай Жимми Лайн гэр бүлийнхэн шоронд хоригдсон 5 жилийн хугацаанд Жимми Лай маш ихээр турж, чихрийн шижин өвчний хүндрэлээс болж гар хөлийн хумснууд нь унаж, шүд нь үйрч эхэлсэн талаар мэдэгдсэн бол түүний хүү Себастьен өнгөрсөн 5 жил аавынх нь хувьд цаазын ялтай дүйцэхүйц байлаа хэмээн BBC агентлагт мэдэгджээ.
Эх сурвалж: BBC News






