
АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейны 3 сая орчим файлуудыг ил болгосноор нэр нөлөө бүхий олон хүмүүс Ж.Эпштейнтэй ямар нэг байдлаар холбоотой байсан нь ил болоод байгаа билээ.
Тэгвэл тэдгээр нэрсээс дурдвал:
Илон Маск
Ж.Эпштейны файлууд дунд дэлхийн хамгийн чинээлэг хүн, тэрбумтан Илон Маскийн Ж.Эпштейнтэй аяллын тухай бичилцсэн мэйлүүд багтжээ. 2012 оны 11-р сард И.Маск Ж.Эпштейнд бичсэн мэйлдээ, “Арал дээр чинь болдог өдөр/шөнийн үдэшлэгүүдээс аль нь хамгийн галзуу вэ?”, мөн тухайн оны 12-р сард бичсэн мэйлдээ, “Сэнт Бартс арал дээр эсвэл өөр хаа нэгтээ болдог үдэшлэгүүдэд оролцож, биеэ сул чөлөөтэй тавимаар байна.” хэмээн бичсэн байгааг олж уншиж болох юм.
Харин И.Маскийн зүгээс Ж.Эпштейны арал дээр хэзээ ч очиж байгаагүй, дээрх мэйлүүдийг түүний нэр хүндийг унагахад ашиглаж байж болзошгүй тухай мэдэгджээ.
Доналд Трамп
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэр мөн л Ж.Эпштейны файлуудад нэг бус удаа дурдагдаж байгаа ч Д.Трамп тухайн үедээ Ж.Эпштейныг хууль бус зүйлс хийдэг байсныг мэддэг эсвэл Ж.Эпштейны хохирогч охид бүсгүйчүүдийн үйлчилгээг авдаг байсан гэж нотлох баримт тэдгээр файлуудад байхгүй аж.
Д.Трамп 1985 онд Мар-а-Лаго эдлэн газрыг худалдан авах үед Ж.Эпштейн тухайн эдлэнгээс холгүй амьдардаг байснаар тэд анх танилцаж байжээ. Ж.Эпштейн, Д.Трамп хоёр дундын танил ихтэй байсан ба нэр нөлөө бүхий хүмүүсийн зохион байгуулдаг зоог, цайллага, үдэшлэг зэрэг арга хэмжээнүүд дээр тогтмол тааралддаг байжээ. 1990-ээд оны эхээр Ж.Эпштейн, Д.Трамп хоёр хоёулаа Билл Клинтоны сонгуулийн кампанит ажилд хандив өгч байсан гэх баримт ч байдаг аж. Түүнчлэн Д.Трамп Ж.Эпштейны хувийн онгоцоор хэд хэдэн удаа нисэж байсан тухай Э.Эпштейны найз бүсгүй Гислэйн Максвелл шүүхэд мэдүүлж байжээ. 1993 онд Ж.Эпштейн Д.Трампын Марла Мэйплстэй хийсэн хуримд хүртэл уригдаж байжээ.
Д.Трамп, Ж.Эпштейн нар хоёрын найз нөхрийн харилцаа 2004 онд төгссөн гэж яригддаг ба Д.Трампын ярьснаар Ж.Эпштейн түүний Мар-а-Лаго дахь амралтын газрыг ашиглаж, охид бүсгүйчүүдийг урхиндаа оруулдаг байжээ.
17 насандаа Ж.Эпштейны хохирогч болж, Их Британийн ханхүү Эндрютэй бэлгийн харьцаанд орж байсан тухайгаа мэдүүлж, ханхүү Эндрюг шүүхэд өгч байсан Виржиния Жуффре нь анх 2000 онд Д.Трампын Мар-а-Лаго дахь амралтын газарт ажиллаж байхдаа анх Ж.Эпштейнтэй танилцаж байсан түүхтэй аж.
Эндрю Маунтбаттен-Уиндзор
Английн Хатан хаан агсан II Элизабетын хүү ханхүү Эндрютэй Ж.Эпштейн 1990-ээд оны сүүлээс найзалж эхэлжээ. 2019 онд хууль сахиулагчид Ж.Эпштейныг баривчилсны дараа түүний хохирогч бүсгүйчүүд Ж.Эпштейн тэдэнд ханхүү Эндрютэй бэлгийн харьцаанд орсных нь төлөө мөнгө төлж байсан тухай мэдүүлсэн нь ил болж, томоохон дуулиан шуугиан тарьсан юм.
АНУ-ын ч тэр, Их Британийн ч тэр хууль сахиулагчид ханхүү Эндрюгийн эсрэг хэрэг нээх үндэслэл олж чадаагүй ч 2025 онд III Чарльз хаан ханхүү Эндрюгийн бүх хэргэм зэргийг хураасан билээ.
Лорд Мандельсон
Ж.Эпштейны файлууд дотор Их Британийн нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг Лорд Мандельсон нь Ж.Эпштейнтэй 2002-2011 оны хооронд нөхөрлөж байсныг илтгэх баримтууд олдсон нь Их Британийн Хөдөлмөрийн нам болон Ерөнхий сайд Кир Стармерын хувьд томоохон цохилт болоод байна.
Түүнээс гадна Лорд Мандельсон болон түүний хамтран амьдрагч Рейналдо Авила да Сильва нартай холбоотой данснууд руу Ж.Эпштейн 75 мянган ам.доллар шилжүүлсэн нь ил болж, Лондон хотын Цагдаагийн газар Лорд Мандельсон Ж.Эпштейнд улсын нууц мэдээллийг дамжуулсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ.
Лорд Мандельсон Ж.Эпштейныг насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, биеийг нь үнэлүүлсэн хэргээр хоригдож байхад нь хүртэл мэйл бичиж, тусалж дэмжихээ илэрхийлсэн байсан нь олныг бухимдуулаад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор түүнийг элчин сайдын албан тушаалаас нь буулгаад байгаа ба тэрээр Лордуудын танхимын гишүүний албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдэн, Ж.Эпштейныг таньж мэддэг болсондоо харамсаж буйгаа илэрхийлжээ.
Билл Клинтон
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны 1990-ээд, 2000-аад онд Ж.Эпштейнтэй авхуулсан хэд хэдэн гэрэл зураг Ж.Эпштейны файлууд дотор байсан нь мөн л олны анхаарлыг татсан билээ.
Б.Клинтоны хувьд тэрээр өөрийгөө Ж.Эпштейны файлуудыг ил болгохыг шаардаж байсан хүмүүсийн нэг байсан гэдгийг онцолж, уг хэрэг явдалтай холбоотойгоор Конгрессын өмнө мэдэх бүхнээ хэлсэн, мөн энэ сард болох Төлөөлөгчдийн танхимын Хяналтын комисст энэ тухай мэдүүлэг өгөхдөө бэлэн байгаа илэрхийлжээ.
Мирослав Лайчак
Словакийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мирослав Лайчакийн 2018 онд Ж.Эпштейнтэй охид бүсгүйчүүдийн талаар бичиж байсан мэйлүүд ил болсноор М.Лайчак албан тушаалаасаа огцроод байна.






