
Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 87 хувьд цастай байна.
Увс (Ховд, Цагаанхайрхан, Малчин, Хяргас, Өндөрхангайн хойд), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхилын өмнөд), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул), Булган (Баяннуур, Хангал), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Баянгол, Шаамар, Жавхлант), Дархан-Уул (Шарынгол, Хонгор, Орхон, Дархан), Төв (Эрдэнэ, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Баянчандмань, Сүмбэр), Өвөрхангай (Сант, Зүүнбаян-Улааны зүүн, Тарагтын зүүн), Дорнод (Чойбалсангийн зүүн)-д 21 см-ээс дээш зузаан, 0.12-0.39 г/см3 нягттай.
Увс (Сагил, Тариалан, Баруунтуруун, Зүүнхангай, Түргэн, Тэс, Зүүнговь), Ховд (Булган), Завхан (Сонгино, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут, Тэлмэн, Эрдэнэхайрхан), Баян-Өлгий (Сагсайн өмнө), Хөвсгөл (Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Цагааннуур), Баянхонгор (Жаргалант, Галуут), Булган (Тэшиг, Гурванбулаг, Сэлэнгэ, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант), Орхон (Баян-Өндөр, Жаргалант), Төв (Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Зуунмод), Өвөрхангай (Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Нарийнтээл, Хайрхандулааны өмнө), Дундговь (Сайхан-Овоогийн хойд), Хэнтий (Баян-Адрага, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал), Дорнод (Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо)-д 11-20 см зузаан, 0.11-0.36 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.09-0.29 г/см3 нягттай байна.


Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаатад 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар хүйтэрч, хамгийн хүйтэн нь Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Увсын Зүүнговь, Тэс, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дархан-Уулын Орхон, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянхонгорын Гурванбулагт -47…-52 градус хүрсэн байгаа бол салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Ховд, Чандмань, Өмнөговийн Булганд 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс






