
Монгол Улсад шинжлэх ухаан суурьтай саван, гоо сайхны үйлдвэрлэл хөгжүүлэхээр 2021 онд үүсгэн байгуулагдсан “Mongol Made” нэгдэл ISO 9001:2016-Чанарын удирдлагын тогтолцооны стандарт, ISO 14001:2015-Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт, ISO 45001:2018-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Дотоодын савангийн зах зээлийн импортын 95 хувийн хамаарлыг бууруулахад эхний 5 жилийн үйл ажиллагаагаа чиглүүлсэн ба цагт 3 мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулснаар нийлүүлэлтийн хүчин чадал нь нэмэгдэж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын саван, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийн томоохон ханган нийлүүлэлтүүдийг тасралтгүй хийж иржээ. “Mongol Made” дараагийн 5 жилийн үйл ажиллагаагаа олон улсын зах зээлд гарахад чиглүүлж байна.
Тус нэгдэл Эмээлт дэх тос цэвэршүүлэх үйлдвэрээр дамжуулан малын өөх тосны хаягдлыг мэдэгдэхүйц бууруулж, дотоодын савангийн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.
Ариутгал, ахуйн хэрэглээ, арьс арчилгаа, ноос, хүнс гэсэн 5 чиглэлд 5 жилийн хугацаанд 60 орчим бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийж 30 гаруй бүтээгдэхүүн монголчуудын өдөр тутмын хэрэглээнд хэрэглэгдэж байна.
Органик бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдэж буй энэ цагт онгон зэрлэг байгалийн цэцэг, жимс, ургамлын охь, тал дүүрэн бэлчсэн таван хошуу малынхаа өөх тосоор үйлдвэрлэсэн хатуу савангуудаа тэд экспортод гаргах бэлтгэлээ бүрэн хангаж дууслаа.
Мөн 5 жилийнхээ ойд зориулан “Саван үйлдвэрлэлийн хими технологи” номыг эрхлэн гаргахаар төлөвлөжээ.






