
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан Уур амьсгалын үндэсний хороо өнөөдөр /2026.01.20/ хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлогын шинэ шат болох Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний бодлого, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудал, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 2024–2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв.
Энэ хүрээнд 2024–2025 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашдын төлөвлөлтийг холбогдох салбаруудаас танилцууллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.5 тэрбум мод тарих зорилтоос өнөөдрийн байдлаар 127.9 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, 8.32 хувийн гүйцэтгэлд хүрсэн байна. Түүнчлэн Хөвсгөл, Завхан, Дорнод аймгуудад 5.1 сая га талбайд ой зохион байгуулалтын ажлыг хийж дуусган, ОХУ, БНХАУ-тай хиллэсэн бүсэд түймрээс хамгаалах 1166 км шороон зурвасыг сэргээж, 150 км зурвасыг шинээр байгуулжээ.


Түүнчлэн Уур амьсгалын үндэсний хороо хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хоёр жил тутмын анхдугаар тайланг боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 30-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн байна. Мөн Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох төслийг эхлүүлээд байна.


Тэрбээр, Уур амьсгалын үндэсний хорооны үйл ажиллагааг зөвхөн холбогдох яамны танилцуулгаар хязгаарлах бус, салбар бүрийн хэрэгжилтийн тайлан, уялдаа холбоо, гишүүдийн идэвхтэй оролцоо, хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Үүний хүрээнд хорооны хурлыг тогтмолжуулж, шийдвэрийн хэрэгжилтийг хянах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, үйл ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба












