
Сүүлийн үед эгнээ буруу эзлэх, гэрэл дохио зөрчих, дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчилд AI камераар торгууль ногдуулах болсон нь жолооч нарыг сахилга баттай болгож байгаа ч зарим нь торгуулиас болгоомжилж, түргэн тусламжийн машинд зам тавьж өгөхгүй байх тохиолдол гарсан.
НЭМГ-ын мэдээлснээр түргэн тусламжийн нийт дуудлагын 60 хувьд нь 20 минутын дотор хүрдэг бөгөөд яаралтай дуудлагын 75 хувьд нь хугацаанд нь очиж үйлчилж байна. Гэсэн ч уулзвар нэвтрэх үед хөдөлгөөн саарах асуудал тулгарч байгааг жолооч нар хэлсэн юм.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, алба хаагчийн биеэр зохицуулалт хийж, яаралтай тусламжийн машинд зам тавьж өгсөн тохиолдолд торгууль ногдуулахгүй. Иргэдийг хүний амь нас аврах чухал үед түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгөхийг уриалсан юм.
Мөн өдөрт 250–300 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, ихэнх нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж байгаа аж. Согтуугаар жолоо барьсан зөрчилд хүлээлгэх хариуцлага чангарч, давтан зөрчил гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт үйлчилж байна.






