
Хурд хүч сорьсон өдөр: 48 дахь удаагийн Дакар Раллигийн 11 дэх өдрийн уралдаан өчигдөр болж өндөрлөв. Энэ өдөр тамирчдын хувьд бүрэн утгаараа хурд авхаалж, самбаа, зураг унших чадвар сорьсон өдөр байв.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, МУГТ Э.Халиунболдын хувьд зургийн алдаа гаргалгүй, жигд явсаар нийт замыг 3 цаг 39 минут 39 секундээр эхний 20-р байрт “Ралли 2” төрөлдөө 9-р байранд эрэмблэгдсэн юм.
ОУХМ П.Мөрөн 3 цаг 43 минут 03 секундээр нийт тамирчдаас 29-т, “Ралли 2” төрөлдөө 18-р байрт бариандаа орлоо. Өнөөдөр уралдааны 12-р гараа явагдаж байгаа бөгөөд Al-Henakiyah хотоос Yanbu хотын зүг нийт 720 км уралдааны цаг тооцох 311км байх ажээ.

Замын онцлогоос дурьдвал шороон зам 53% элс 22% элсэн манхан 4% хайрга 21% байна.
Энэ өдрийн гарааг “Дакар Ралли”-гийн зохион байгуулагчид онцлохдоо уралдааны явцад тохиолдсон бүх л төрлийн замыг багтаасан өдөр байна гэж бичжээ.
“Дакар Ралли 2026” уралдаан өнөөдөр 12 дахь гараа явагдах бол маргааш 13 дахь гараа явагдаж хөшгөө хаана. Тамирчдыг хоёр өдрийн уралдаан хүлээж байна. Ингээд Монгол улсынхаа нэрийг Авто, Мото спортын олимпод дуурсгаж яваа нийт тамирчдадаа амжилт хүсье.












