
“Улаанбаатар Кап” багийн спортын томоохон төрлүүд болох сагсан бөмбөг, волейболын төрлөөр нийслэлийн 9 дүүргийн дунд зохиогдож буй Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын ширүүхэн өрсөлдөөнийг харах хамгийн том тэмцээн. Тус тэмцээн 2025 оны 11 дүгээр сард эхэлсэн. Энэ оны 05 дугаар сар хүртэл үргэлжилнэ. “Улаанбаатар Кап” тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, “Мспортс” компани хамтран зохион байгуулж буй. Ингээд тус тэмцээний комиссар Б.Тамжид болон Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Ганхөлөг нартай цөөн хором ярилцсанаа хүргэе.
“Улаанбаатар кап” тэмцээний комиссар Б.Тамжид: Энэ тэмцээн “Хөрвөх чадвартай” тамирчныг бэлтгэнэ

-Сайн байна уу? “Улаанбаатар кап” тэмцээний явцын мэдээллийн талаар ярилцлагаа эхлүүлье?
-Сайн байна уу. “Улаанбаатар Кап”-ын хувьд өнгөрсөн оны 11 сараас эхлээд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд сагсан бөмбөгийн ахлах нас, дунд нас, бага нас гээд 3 насны ангиллаар гурван насны заагтайгаар өрсөлдөөнийг зохион байгуулж буй.
4-6 нь бага, 7-9 нь дунд, 10-12 нь ахлах нас гээд явж байгаа. Одоогийн байдлаар дүүргүүдийн дивизионы Плей-оффын шатны тоглолтууд явж байна. Эндээс шалгарсан баг дүүрэг болгоноос оролцож байгаа багуудынхаа орж буй тооноос хамаараад нийт шилдэг 32 баг нь нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
-Тэмцээнд нийт хэдэн багийн тамирчин өрсөлдөж байна вэ?
-Энэ жилийн хувьд сагсан бөмбөгийн 6 ангиллаар, эрэгтэй, эмэгтэй 6 ангиллаар нийтдээ 1500 гаруй багийн тамирчид оролцож байгаа. Харин волейболын төрөлд нь 400 гаруй нийтдээ 1900 гаруй баг тамирчид орж байна. Нийслэлийн 1200 гаруй сургуулиас гэхээр ер нь нэлээн их баг болчхож байгаа юм. “Улаанбаатар Кап”ын энэ жилийн тэмцээнийг Нийслэлийн биеийн тамирын газар, “М Спортс” компани хамтран зохион байгуулж байна.
-Өмнө нь зохион байгуулж байсан “Улаанбаатар Кап” тэмцээнээс энэ жилийнх юугаараа онцлог вэ?
-Энэ жилийн хувьд дүрмийн нэлээн шинэчлэлтүүд оруулсан байгаа. Жишээ нь бага, дунд, ахлахын хувьд нас насанд нь тохирсон зооны хамгаалалт авахгүй, хувийн хамгаалалт авна ч гэдэг юм уу. Тэгээд л ахлах, дунд, бага насны хувьд 20 оноо тасарвал урагшаа прессинг авахгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар дүрмийн нэлээн шинэчлэлтүүд байгаа. Дээрээс нь өмнөх жилүүдээ бодвол тодорхой хэмжээний илүү чанартай тоглолтууд нэмэгдэж байна. Нийслэлийн өөрсдийнх нь байршлуудыг ашиглаад, спортын заалнууд дээр нь түшиглээд ХУД, СХД, БГД, СБД, Чингэлтэй гэх мэтчилэн дүүргүүдийн нөөц боломжийг нь ашиглаад, зарим тоглолтууд зохион байгуулж буйгаараа онцлог.
-“Улаанбаатар кап” тэмцээний цаашдын зорилго юу вэ?
-“Улаанбаатар Кап”-ыг цааш цаашдаа лиг болгох зарчмаар явъя гэж төлөвлөж байна. Ирэх жилүүдийн тэмцээний хүрээнд сургууль, сургууль дээрээ яг эзэн, зочин гэдэг байдлаар улиралдаа 15-20 тоглолт зохион байгуулаад, Плей-оффын 30-40 тоглолт хийдэг тийм лигийг зорьж байгаа. Нийслэлд болж буй тэмцээнийг илүү дараагийн түвшинд өргөжүүлж, ингээд хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Тамирчны хувьд жишээлбэл бид нар зөвхөн Монголоороо харах биш хамгийн наад зах нь эхлээд Азиараа хардаг ч юм уу, бид хэд дараагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ингээд л ороод өрсөлдөнө хэмээн төлөвлөж байна.
Бүх зүйлийг нь цогцоор нь уялдуулан, дасгалжуулагчдыг хувийн хамгаалалт авбал ингэнэ ээ, ингэж довтолно оо, ингэж ингэж ажиллана аа гэсэн бодлогын хувьд бас гоё эвдэж ажиллаж байна. Дээрээс нь М спорт гээд компани орж ирснээрээ давуу тал юу үүсэж байна вэ гэхээр тухайлбал 10 жилийн хүүхдүүдийн бүхэл бүтэн мэдээллийн баазтай болж байгаа.
Үүнээс улбаалаад 16 насны шигшээ баг бүрдүүллээ гэхэд бид нар дата баазаасаа яах нь вэ? Тийм өндөртэй, ийм оноо дундажласан ийм хүүхдүүд байна аа, багш руу нь залгалаа, тэр хүүхдээ шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд урьж байна аа гэдэг юм уу, ямар авьяас, ур чадвар байна бүгдийг нь шүүж хараад авах мэдээллийн дата баазтай болж байна. Ингэснээр багийн спортод дараа дараагийн залгамж халаа болох хүүхэд залуусын амжилт, үзүүлэлт ч олны анхаарлын төвд ороод ирнэ гэсэн үг. Эндээс үндэс суурь хүүхдүүдээ ирээдүйд хөгжүүлэх, хамгийн гол зүйлээ хийж байгаа л гэж харж байна. Мэдээж жилээс жилд сайжраад явах байх.
Ярилцсанд баярлалаа.


“Улаанбаатар кап” сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчдын мэдээллийн “Дата бааз”-тай болж буй


Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Ганхөлөг: Өнөөдрийн хожигдол чухал биш. Харин хожигдлоосоо алдаан дээрээсээ суралцах л хамгийн чухал
-Сайн байна уу? “Улаанбаатар кап” тэмцээний тухайд сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш сайхан тэмцээн болж байна. Нийслэлийн хэмжээнд яг ийм нас насны ангиллар тэмцээн уралдаан олон тооны зохион байгуулах нь маш сайн хэрэг. Бага, дунд, ахлах насны хүүхдүүд өрсөлдөөн, тэмцээнээсээ илүү чанаржиж гарч ирнэ. Энэ бол маш хэрэгтэй сайхан тэмцээн болж байна гэж харж байгаа.
-Сайн багшаас сайн шавь төрөн гардаг. Энэ ч утгаараа хамгийн чухал амин сүнс бол багийн спортод дасгалжуулагч байдаг. Иймээс таны хувьд дасгалжуулагчийн ур чадварыг хэрхэн үнэлэн хэлэх вэ?
Манай сагсан бөмбөгийн холбооноос дасгалжуулагч нарт байнгын сургалт, семинар гадаад мэргэжилтнүүд орж буй. Тэр тусмаа энэ хүүхдүүд дээр гардаж ажиллаж байгаа багш, дасгалжуулагч нар өнөөдөр анхан шатны суурь техникийг зөв заах нь чухал. Үүнийг маш чухал юм байна гэдгийг дэлхийд бид нар харчхаад байна. Тэгэхээр хүүхдүүдэд зөв заагаад, сууринаас нь суулгаад өгчихвөл алсдаа бид нар дээшээ үзэхэд бол ямар ч асуудалгүй. Иймээс энэ маш сайн өгөөжтэй, сайхан тэмцээн.
-Сагсан бөмбөгийн спортод багш дасгалжуулагч хэрхэн ажиллавал зохистой вэ?
-Багш дасгалжуулагчийн мэдрэмж их чухал. Хүүхдүүд энгийн деталь ажиллагаануудыг маш сайн сурах нь хамгийн том ажил. Энэ тэмцээнээс харж байхад хүүхдүүд үнэхээр чадвартай бас ирээдүйд тун удахгүй бараг л гараад ирэхээр ч харагдаж байна шүү дээ.
Суурь техникээ зөв сурчихсан байхад бүх зүйл дээшээ ахиад явдаг. Ер нь тэр хүүхэд сайн сураагүйгээс болоод ч юм уу, дараа дараагийн өөрийнх нь хөгжил дэвшилд асар ихээр, сөргөөр араас нь татаж байгаа гэсэн үг.
Тэгэхээр хүүхдүүдээ эхлээд бидний хожиж, хожигдох нь эхний асуудал биш ээ. Энэ бол байдаг л асуудал. Тэмцээнд хэн нэг нь хожиж л таараа. Тэгэхдээ хамгийн чухал нь хүн аливаа оролцсон тэмцээнээсээ туршлага сургамж аваад, би энэ дээрээ илүү ажиллах ёстой юм байна, энэ маань миний дутагдалтай тал юм байна гэдгийг өдөр бүр өөр дээрээ дүгнэлт хийгээд, ахиад чадахгүй байгаа зүйлээ чаддаг болтлоо сураад явбал алсдаа асуудалгүй гэж харж байна. Өнөөдөр хожигдож болно. Хожигдлоосоо чи юу суралцсан, ямар алдаан дээрээ ажилласан бэ гэдэг чинь л хамгийн чухал.
Ярилцсанд баярлалаа.


Сагсан бөмбөгийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 500 баг,
волейболын тэмцээнд 400 гаруй багийнхан өрсөлдөж байна


Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






