
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Америкийн Нэгдсэн Улс ОХУ, БНХАУ-аас урьтаж Гринландыг өөрийн эзэмшилд авах ёстой хэмээн мэдэгджээ.
Тэрээр, “Улс орнууд өмчөө л хамгаалдаг болохоос түрээсэлж байгаа газраа хамгаалдаггүй. Амар хялбараар уу, хүнд хэцүү аргаар уу, ямар ч байсан АНУ Гринландыг хамгаалах ёстой.” хэмээн мэдэгджээ.
Д.Трампын засаг захиргаа НАТО-гийн гишүүн орон болох Данийн Вант Улсын эзэмшлийн Гринланд арлыг худалдан авах хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа ба нөгөө талаас арлыг хүч хэрэглэн эзлэх хувилбарыг ч үгүйсгэхгүй байгаа юм.
Данийн болон Гринландын эрх баригчид Гринландыг худалдахгүй хэмээн мэдэгдэж, арлыг цэргийн хүчээр эзэлбэл Умард Атлантын цэргийн эвсэл үгүй болно гэдгийг анхааруулжээ.
Ерөнхийлөгч П.Трамп Гринланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг удаа дараа онцолсон билээ. Хойд Америк тив болон Арктикийн бүс нутгийн голд байрлах Гринланд арлын байршил нь пуужингийн цохилтыг эрт илрүүлэх, бүс нутгийн усан тээврийн хөдөлгөөнийг хянах зэрэг олон давуу талыг олгох юм.
Өнөөдрийн байдлаар Гринланд арал дээр байрлах Америкийн Питуффик Сансрын баазад АНУ-ын зэвсэгт хүчний 100 гаруй албан хаагч алба хааж байгаа ба Дани улстай хийсэн гэрээний дагуу АНУ Гринландын нутаг дэвсгэрт хүссэн тооныхоо цэргүүдийг байршуулах эрхтэй аж.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Гринланд арлыг тодорхой хугацаагаар түрээслэх нь хангалтгүй гэж үзэж байгаа ба түүний хэлснээр АНУ Гринланд арлыг эзэмшилдээ авах ёстой аж. Тэрээр, “Би Хятадын ард түмэнд хайртай. Бас Оросын ард түмэнд хайртай. Гэхдээ тэднийг Гринландыг эзэлж, бидний хөрш болоосой гэж хүсэхгүй байна. Тийм зүйл болохыг зөвшөөрөхгүй. НАТО үүнийг ойлгох хэрэгтэй.” хэмээн мэдэгджээ.
Данийн түнш Европын орнууд болон Оттава Гринландын асуудлыг Копенгаген, Нүүк хоёр л шийдэх эрхтэй гэдгийг онцолж, Арктикийн бүс нутгийн аюулгүй байдал чухал хэдий ч улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдалд халдахгүй байх нь зохистой гэжээ.
Д.Трамп 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Гринландыг худалдаж авахыг оролдож байсан билээ.
Стратегийн чухал байршлаас гадна Гринланд нь сүүлийн жилүүдэд өндөр эрэлттэй байгаа газрын ховор металл, газрын тос, байгалийн хийгээр баялаг гэж яригдаж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор арлын мөс хайлснаар тэдгээр ашигт малтмалыг олборлох нь хялбар болох аж.
Ирэх 7 хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Дани улсад айлчилж, Данийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: BBC






