
Швейцарын бааранд амиа алдсан иргэдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байжээ
Шинэ оны эхний өдөр Швейцарын Вале мужийн цанын баазад байрлах бааранд гарсан галын улмаас 40 хүн амь үрэгдэж, 119 хүн гэмтсэн билээ. Өнгөрсөн ням гарагт Швейцарын цагдаагийн газраас амь үрэгдсэн 40 иргэний цогцсыг таниулах ажиллагаа дууссан болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.
Галд өртөж амиа алдсан 40 иргэний 26 нь өсвөр насны хүүхдүүд байжээ. Тэдгээрийн дотор 14 настай Франц улсын иргэн, 14 настай Швейцарын иргэн байжээ. Амиа алдсан иргэдийн 21 нь Швейцар улсын иргэн, 7 нь Франц, 6 нь Итали, үлдсэн нь Румын, Турк, Португал, Бельги зэрэг улсын иргэд байсан байна.
Мөн хохирогчдын дунд Франц, Израил болон Их Британи гэсэн 3 улсын иргэншилтэй 15 настай охин байжээ. Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелен ирэх баасан гарагт гашуудлын өдөр зарлажээ. Энэ өдөр сүм хийдүүд хонхоо цохиж, улс даяараа хохирогчдын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураан зогсох аж.
Хууль сахиулагчид Le Constellation бааранд гарсан гал нь бенгалын галыг баарны таазанд хэтэрхий ойр барьж явснаас болж гарсан гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм. Бааранд гарсан галын улмаас гэмтсэн 119 хүний заримынх нь бие галд маш ноцтой түлэгдсэн байна.
35 иргэнийг Бельги, Франц, ХБНГУ болон Италийн түлэнхийн тусгай төвүүд рүү шилжүүлжээ. Түүнчлэн цагдаа нар болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон хэргээр Le Constellation баарыг ажиллуулж байсан хоёр хүнд хэрэг нээгээд байгаа аж.






