
Амьдралын урт нугачаанд хүн бүр л хөлөө зөв гишгэж, тэнцвэрээ тогтвортой байлгахыг хичээх мэт…
Энэ л амьдралын амжилт, ялалт аав, ээжээс л эхлэлтэй гэлтэй. Үрсээ сайн сайхан, амжилттай, зөв голчтой амьдрахыг ерөөдөг хүмүүс бол хүний аав, ээж. Тэр ч утгаараа спортод анхлан хөтлөн хүргээд, анхны багшид нь шавь оруулсан ачтанууд бол тамирчны аав, ээж, эгч, ах байх нь элбэг.
5-хан настай тэр л жаахан охиныг ирээдүйд шатрын спортод цахиур хагалах, амжилтыг тогтмол үзүүлэх авьяас билигтэй гэдгийг олж харсан хүн нь Их мастер Мөнгөнтуулын аав. Эгч, ах хоёрт нь шатар зааж өгч байх тэр л үед дэргэдээс нь хараад л нүүдэл, шийдэл, өрсөлдөгчөө илт давуу хожих арга барилыг өөрийн бяцхан ухаандаа хэдийнээ төсөөлчихөөд сурчихсан байжээ.
Ингээд л оюун ухааны их спортод алс холын авьяасыг нь аав нь олж хараад амьдралынхаа өөрийн карьерийг хойш тавин, бяцхан охиныхоо ирээдүйн их үйлс рүү хүчин зүтгэжээ.

“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн шинэ оны анхны дугаартаа “Алдар” спорт хороо болон The Mongolz багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч, Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, эмэгтэй Их мастер, эрэгтэй Олон улсын мастер, МУГТ Батхуягийн Мөнгөнтуулыг зочноор урин ярилцлаа.


-Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчид спорт сонирхогч та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.
Зочиндоо шинэ оны мэнд дэвшүүлье. 2025 онд Их мастерын хувьд амжилт, бүтээлтэй жил байлаа. 2025 оноо базсан дүгнэлтээр ярилцлагаа эхлүүлье?
-Сайн байна уу. Юуны өмнө оюуны спорт дэмжигч, спортын үзэгч фэнүүд, Монголынхоо нийт ард түмэнд шинэ оны мэнд дэвшүүлье. 2025 он миний хувьд маш амжилттай, үр бүтээлтэй жил боллоо. Хамгийн эхэнд ҮШБ-ийн бүрэлдэхүүнд багтах тамирчдыг манай шатрын холбоо тэмцээн зохион байгуулж шалгаруулдаг. Энэ агуулгаар ҮШБ-т нийтдээ эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 тамирчин байдаг. Сонгон шалгаруулалтаар ҮШБ-ийн 2025 оны тамирчнаар дахин улиран сонгогдсон. Үүний дараа 2 сарын сүүлээр Фиде гранпри шилдэг эмэгтэй шатарчдын 2024-2025 оны цуврал тэмцээний нэг хэсэг болох Монака улсад болсон тэмцээнд амжилттай тоглож, 3 дугаар байранд шалгарсан.


Уг тэмцээний онцлог нь Дэлхийн шатрын аварга шалгаруулах цикл тэмцээний нэг хэсэг гэдгээрээ маш өндөр ач холбогдолтой. Өрсөлдөгч маань ч гэсэн голдуу Их мастер цолтнууд, Дэлхийн аваргууд оролцсоноос Их мастерууд гэдэг нь бүр эрэгтэй Их мастер цолтой шатарчид байсан. Тиймээс чухал бөгөөд хүчтэй өрсөлдөгчидтэй тэмцээнд ганц ч хожигдоогүй, 1-3 дугаар байр эзэлсэн тамирчид, гурвуулаа адилхан оноотой байж байгаад, дараагийн концепцээрээ хүрэл медаль зүүсэн амжилттай.


Б.Мөнгөнтуул: Эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнээс хүрэл медаль зүүсэн нь Монголын шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн
Монголын шатрын түүхэнд анх удаагаа ийм өндөр зэрэглэлтэй Гранпри шатарчдын тэмцээнээс хүрэл медаль авсан. Энэхүү амжилт нь шатрын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон учраас их баяртай байна.
Дараагийн амжилттай оролцсон тэмцээн гэвэл 6 сард болсон түргэн тоглолтын багийн ДАШТ-д Монголоос ҮШБ-ийн Б болон Монголз баг гээд нийтдээ 3 баг оролцсоноос миний хувьд Их мастер С.Билгүүн, ОУМ Ган-Эрдэнэ, Мөнгөнзул мөн өсөж яваа өсвөрийн тамирчин Содбилигт зэрэг тамирчнаас гадна шатрын спортын олон жилийн зүтгэлтэн Энхбаяр ахтайгаа хамт 6 хүний бүрэлдэхүүнтэй баг болж оролцоод, 2400 хүртэлх чансааны ангилалд нь түрүүлсэн байгаа.


Мөн 9 сард УАШТ-ий онцлог гэвэл 2026 оны шигшээ багийн тамирчдыг улсын аваргаасаа шууд шалгаруулъя, дахиж өөр тэмцээн зохион байгуулахгүйгээр гэсэн зорилготой. Мөн 2 жилд нэг удаа болдог Дэлхийн шатрын олимпиад болдог. Үүнд оролцох Монголын багийг сонгон шалгаруулсан. Миний хувьд давхар онцлогтой тэмцээн уралдаантай, амжилттай сайхан жил байлаа.
-Өөрийн тань хувьд Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагчийн сертификатаа албан ёсоор гардан авсан. Энэ тухайгаа сонирхуулна уу?
-Миний хувьд ОХУ-ын Нийгмийн их сургуульд шатрын дасгалжуулагч, шатрын ажлыг зохион байгуулагч мэргэжлээр 2010 онд төгссөн. Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагчийн семинар болдог. Коронагийн үеэр семинарт суугаад, шалгалтыг нь өгөөд, болзлыг нь хангаж байж Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч цол авдаг байгаа. Ингээд бичиг баримтаа хөөцөлдөөд, сая 2025 онд албан ёсоор сертификатаа гардан авсан. Яг мэргэжлийн тамирчнаа хийж байгаа. ҮШБ-ийн болон “Алдар” спорт хорооны тамирчнаар явдаг. Гэхдээ хажуугаар нь “Номт Наран” ЕБС-д шатрын сургуулийнх нь багшаар ажилладаг.


Шагналын тавцанд Монгол хэмээн дуудуулах тэр мэдрэмж, мөч бахдам байдаг
-Их мастерын хувьд Еспортын The Mongolz багийн бүрэлдэхүүнд багтсан. Хүмүүс оюуны спортын тамирчин хэрхэн, яагаад Еспорттой холбогдчихов хэмээн гайхаж байлаа?
-Гранпри тэмцээнд оролцож ирээд, Монголз багтай холбогдсон. Тэгээд Монголз баг маань намайг нэг жилийн хугацаанд гэрээ байгуулаад, ингээд дэмжсэн. Яагаад гэвэл шатарчид бид нар онлайнаар их тоглодог. Ер нь том шатрын платформууд цахимд бий. Шатар сонирхогч болон мэргэжлийн тамирчдын дунд ч гэсэн тэмцээн уралдаан байнгын болдог. Эдгээр тэмцээн уралдаан коронагийн хөл хорионы үеэр зохигдсоор байгаад тогтмол болчихсон байгаа. Тэгэхээр яалт ч үгүй л Еспорттой шатар маань их ойрхон байдаг учраас Монголз багаасаа тэмцээн уралдаанд оролцож байгаа.
-Тэмцээн уралдаанд амжилттай оролцоод, шагналын тавцанд зогсоод “Монгол” хэмээн дуудуулах тэр мөч, тухайн үеийн мэдрэмж ямар байдаг вэ?
-Яг жинхэнэ тамирчныхаа хүч хөдөлмөр амжилтад хүрээд, түүгээрээ шагнал авна гэдэг чинь маш сайхан бахдам. Тэр үед нэг сайхан бие тавираад л, их гоё болчихдог. Тэмцээний дундуур бид хэд чинь дандаа л нэг ийм дарамт гэж хэлэх ч хаашаа юм. Ер нь тийм нэг биеэ их бариастай байдаг. Сэтгэл дотор их түгшүүртэй, тайван бус ч юмуу байдалтай байдаг.


-Монголоороо бахархах, омогших, эх орноо таниулж яваа хамгийн том авах гоё эерэг мэдрэмж байх?
-Тэгэлгүй яахав. Тэмцээнд оролцлоо гэхээсээ илүү Монголын тамирчин гэдгээрээ маш их бахархдаг. Би ОХУ-д амьдарч байхад тэнд О үсэг байхгүй. Тиймээс миний нэрийг Монгонтуул гэж дууддаг байсан. Зарим хүмүүс нь Монгол Туул гээд л нэрлэдэг байлаа.
Тамирчин бид нар Монголынхоо нэрийг эергээр сурталчлах, дэлхийд таниулан сурталчлах гэдгээрээ ер нь бол маш их үндсэрхэг үзэлтэй байдаг л даа. Сайхан эх орноороо бахархдаг.
-Анхлан шатарт 5 настайгаас хөл тавьсан. Ер нь шатрын спортын тамирчид голдуу л аав, ээжүүд нь чиглүүлж яваа харагддаг?
-Миний амьдралын бүх зүйл шатартай л холбоотой байдаг. Манай аав их сургуулийн багш байхдаа тэнхимийнхээ багш нартай шатар тоглосоор 30 настайдаа сурч байсан гэсэн. Өөрөө хоуу сурсан болохоор тэр үү дээр нь багш учраас илүү шинжлэх ухаанч, судлаач талаас аливаад ханддаг байсан. Тухайн үед ном сурах бичиг маш цөөхөн байдаг байсан. Тэгээд л таньдаг танил хүмүүсүүдээсээ ном сурах бичиг цуглуулаад үзээд л, илүү их шамдаж их хичээллэж байсан. Дараа нь манай эгчид заагаад, нэлээд тоглож байгаад, эгч шатрын 1 дүгээр зэрэгтэй шатарчин болоод, ингээд оюутны амьдралд шилжээд тоглохоо больчихсон.
Дараа нь ахад маань зааж байхад нь би хажуугаас нь гүйж явж байхдаа нүүдлийг нь сурчихсан. Заагаагүй байхад нүүдэл сурчихсан юм чинь гээд аав урамшаад, ах бид хоёр Хүүхдийн ордонд Төрбат багш дээрээ хамт хичээллэдэг байсан. Ах маань 1-2 жил тоглож байгаад больсон. Ингээд гэрээсээ тууштай тоглоод л, аав маань намайг олон жил дагаж, тэмцээн уралдаанд дасгалжуулж байлаа.


Аав, ээж маань мөн гэр бүлийнхэн миний бат ар тал болж өгдөг учраас амжилт, бүтээл тогтмол үзүүлж яваа
-Аав нь өөрийг тань дагуулаад ОХУ-д олон жил амьдарсан гэж сонссон. Тэр үеийн шатрын спортоор хичээллэж байсан нь амжилттай нь холбоотой болов уу?
-Манай гэр бүл ОХУ-ын нийслэл Москва хот руу нүүж, тэндээ аав ажил хийгээд, би тэр хооронд нь шатрын дасгалжуулагч нартай ажиллана. Тэмцээн уралдаанд оролцдог байсан. Ингэснээр тэр маань шатрын амжилт гаргах, дэвшил мөн цолоо ахиулах, чансаагаа өсгөхөд маш их нөлөөлсөн.
Тэр үеүдэд Монголын шатрын хөгжил нэг их сайн биш байсан. Тэмцээн уралдаан цөөхөн болдог, насанд хүрэгчдийн тэмцээн ч цөөхөн хүүхдийн өсвөрийн тэмцээн бас цөөхөн зохион байгуулагддаг байсан бол одоо эсрэгээрээ илүү сайжирсан.


Аав, ээж минь миний бат ар талыг даагаад ялангуяа аав маань шатрын талыг бүгдийг нь хариуцаад сайхан болгоод явдаг байсан. Ээж маань ар тал бүх зүйлийг даагаад, Улаанбаатарт ажилладаг байлаа. Барилгын салбарт ажилладаг учраас зөвхөн зуны амралтаараа л бид нар дээр очдог байсан. Миний гэр бүлийнхэн, одоо хань ижил минь, хадам аав, ээж гээд бүгд намайг маш сайн дэмжиж, спортын замналыг маань илүү ойлгодог учраас би ийм амжилттай яваа.
Одоо 3 хүүхдийн ээж, хүний хань болоод л аав, ээж минь миний төлөө ямар асар их зориг тэвчээр, сэтгэлийн хүч гаргаж, өөрсдийн карьераа зөвхөн намайг бодож л алгасаж, орхиж байсныг илүү ихээр мэдэрч байгаа.


Эмэгтэй шатарчдад дасгалжуулагч зайлшгүй зөвлөх шаардлагатай байдаг
-Эрэгтэй Олон улсын мастер цолтой. Их мастер эрэгтэй ангилалд авах даваа ихтэй байх?
-Миний бодолд эрэгтэй төрөлд Их мастер цол авах зорилго бий. Гэхдээ энэ цолыг авах тун хэцүү. Дэлхий дээр эрэгтэй Их мастер цолтой 40 гаруй эмэгтэй шатарчин бий.
-Эмэгтэй болон эрэгтэй шатарчдын дасгалжуулагчтай байх эсэхиийн ялгаа байдаг уу?
-Би яг ингээд сүүлд бодоод байхад эмэгтэй тамирчид яг хажууд нь нэг тийм дасгалжуулагч зөвлөх хүн байх хэрэгтэй байдаг юм байналээ. Эрэгтэй тамирчид одоо манай Монголын нэлээн олон залуу шатарчид байна. Жишээлбэл, Их мастер С.Билгүүн дасгалжуулагчгүй олон жил өөрөө биеэ даагаад яваад байдаг. Эмэгтэй шатарчид олон улсын шилдэг, Элит тамирчид ч гэсэн бүгд дасгалжуулагчтай байдаг. Миний хувьд сүүлийн жилүүдэд Их мастер Б.Гүндаваа дасгалжуулагчтай хамтарч ажилладаг.


Гадагшаа тэмцээнд явахад олон цагийн зөрүү маш их нэмэртэй. Өглөө босоод дасгалжуулагчийн бичиж үлдээсэн захиас, даалгаврыг өрөгтэйгээ уялдуулан давтдаг. Ер нь шатрын тэмцээний тоглолтууд өдөр бүр 15:00 цагт болдог учраас өглөө нь босоод тоглох өрөгүүдээ давтана, сэтгэл зүйгээ бэлтгэнэ. Урд шөнө нь аль болох бодохгүйг хичээнэ, тэгэхгүй бол шөнө маргааш нь тоглох өрөгөө зүүдлээд, түүндээ нэрвтэх, стресстэх, бэлдсэн өрөгөө ахиад өөрчлөх ч магадлал өндөр байдаг учраас өглөө босоод давтахад илүү амар байдаг даа.


Б.Мөнгөнтуул: Таазан дээр өрөгөө төсөөлөхгүй ч маргаашийнхаа тоглох “Өрөг”-ийг толгой дотроо төсөөлөн боддог
-Queens Gambit гээд шатрын спортод үзэгчдийг дурлуулсан цуврал гарсан даруйдаа олон нийтийг байлдан дагуулж байсан. Тэр кинон дээр гардаг шиг маргааш нь тоглох өрөгөө таазан дээрээ төсөөлөн боддог уу?
-Тэр кино шиг тэмцээний өмнө маргаашийн өргөө таазан дээрээ төсөөлөн боддог уу гээд хүмүүс их асуудаг. Таазан дээр төсөөлж биш толгой дотроо боддог.(инээв)
Одоо бид хэд чинь маргаашийнхаа тоглох гэж байгаа өрсөлдөгчийг ерөнхийдөө мэддэг хүн байвал за, тэр хүн маань тэгж тоглодог доо гээд өмнөх тоглож байсан өргүүдээ санах ч юм уу, ямар аргаар тоглох вэ гээд л толгойн дотроо бодоод л байдаг. Заримдаа маргаашийнхаа өрөгийг зүүдлэх тохиолдол ч бий. Тэгээд бодсоор байгаад тэр чинь зүүдэнд ороод л, бодох тусам санаа зовнил үүснэ. Тиймээс өглөө л давтаж, бэлдэхэд илүү амар байдаг даа.


-2026 онд Монгол шатарчдын оролцох тэмцээн уралдааны талаар?
-2026 онд Монголын шатрын холбоо өөрийн улсдаа Ази тивийн АШТ-нийг насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулна. Энэ бол дотоодод болох маш том өрсөлдөөн.
Мөн Монгол Улсын шатрын үндэсний шигшээ багийнхан Дэлхийн шатрын олимпиадад оролцоно. Өмнө нь тус олимпиадад чамгүй амжилттай оролцдог байсан. Энэ амжилтаа ахиулах гол зорилго тээж яваа.
Ярилцсанд баярлалаа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлэг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:
Сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач О.Батболд
Эвлүүлгийн найруулагч А.Батбаяр






