
ЭМГЭНЭЛ
ГОМБОСҮРЭНГИЙН НЯМДОРЖ
(1968-2025)
Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын болон сагсан бөмбөгийн спортын нэрт зүтгэлтэн, Гомбосүрэнгийн Нямдорж нь 2025 оны 12-р сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, биеийн тамир, спортын салбарт хүнд гарз тохиолоо.
Гомбосүрэнгийн Нямдорж нь 1968 онд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд аав Гомбосүрэн, ээж Нямхүү нарын 5 дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 1976-1986 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 1 дүгээр арван жилийн дунд сургууль, 1986 1988 онд цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангид төрийн торгон цэргээр албаа хааж, үргэлжлүүлэн суралцаж 1990-1992 онд Улаанбаатар хотноо Багшийн сургууль, Монгол Улсын боловсролын Их Сургуулийн биеийн тамирын сургуулийг төгсөж, биеийн тамирын багш, арга зүйч мэргэжил, боловсролыг эзэмшсэн.
Тэрээр Говь-Алтай аймгийн Гоц халдвартын станцад 1988-1990 онд туслах ажилтнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлэн улс эх орондоо хүч хөдөлмөрөө зориулж эхэлсэн бөгөөд 1992-1993 онд Баянгол дүүргийн 51 дүгээр сургуульд биеийн тамирын багш, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Залуучууд, спортын хороонд 1993 оны 10 сараас Спортын төв ордны зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн цагаас спортын ордны менежерээр ажиллахын зэрэгцээ сагсан бөмбөгийн улсын шүүгч, спортын тайлбарлагч, хөтлөгч зэрэг олон чиглэлээр спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулж, одоог хүртэл өндөр үр бүтээлтэй ажиллаж байсан юм.
Г.Нямдорж сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулан 1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоог шинэчлэн зохион байгуулахад оролцож, анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар 1994-2000 онуудад ажиллаж байв. Монголын спортын хөгжил, тэр дундаа сагсан бөмбөгийн спортын суурь хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, гарамгай зүтгэлтэн бөгөөд 1994 оны 12 дугаар сарын 21-нд Монголын анхны сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтыг гардан зохион байгуулж, уг түүхэн тэмцээнийг өөрийн үгээр нээсэн нь Монголын спортын түүхэнд онцгой үйл явдал болж, түүхэнд үлдсэн юм.
Үүнээс хойш 1995 онд Бүх оддын тоглолт, Холимог оддын тоглолт, бөхчүүдийн тоглолт, Оросын холбооны улсад төгсөгчдийн тэмцээн, соёл урлаг, хэвлэл мэдээллийн ажилтны тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан томоохон тэмцээн, арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж, эдгээр нь өнөөг хүртэл уламжлал болон үргэлжилж байна.
Г.Нямдорж нь бусдын амжилт, гавьяаг өөрийн мэт эрхэмлэн хүндэтгэж явдаг хүн байсан бөгөөд Монгол Улсын Их аварга Жигжидийн Мөнхбат, нэрт найрагч Дэндэвийн Пүрэвдорж нарт зориулан төрсөн нутагт нь төрийн соёмбот гэрэлт хөшөө босгох санаачилгыг гардан хэрэгжүүлсэн.
Мөн өөрийн алба хаасан Хүндэт харуулын 032 дугаар ангид төрийн соёмбот гэрэлт хөшөө босгосон, сагсан бөмбөгийн дээд лигийн 30 жилийн ойд зориулж үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд зориулж энгэрийн тэмдэг бүтээлгэсэн зэрэг хийсэн олон ажил нь түүний эх оронч, түүхээ дээдэлдэг зан чанарын тод илэрхийлэл байлаа. Г.Нямдорж нь 1988 онд хань Энхзултайгаа танилцаж, 1991 онд гэр бүл болж, гурван хүүхдийн халамжит эцэг, энэрэнгүй хань байв. Түүний ууган хүү Чингүн 1992 онд, охин Чинхүслэн 1997 онд, бага хүү Баясгалан 2005 онд төржээ.
Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монголын спортын хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, зүтгэлийг нь үнэлж, төрөөс засгаас “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, Монголын үндэсний олимпын хорооны “Олимпын алдар”, Ойн медалиуд, Алтангадас одонгоор шагнасан юм. Талийгаачийн эх орноо гэсэн халуун сэтгэл, спортдоо үнэнч, ажилсаг хичээнгүй, шударга, эгэл даруу, нөхөрсөг, хүнлэг зан чанар, гэгээн дүр төрх нь спортын гэр бүлийнхэн, хөгжөөн дэмжигчдийн сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.






