
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт өчигдөр /2025.01.01/ нийт 497 хүн ханджээ. Эдгээрээс 189 нь хүүхэд, 308 нь насанд хүрэгчид байжээ. Ирсэн өвчтөнүүдийн дунд гэмтлийн улмаас таван иргэн мэс засалд орсон бол одоогийн байдлаар 393 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тус төвийн мэдээлснээр өвлийн улиралтай холбоотойгоор цана, чаргаар гулгах үед унах, халтирч бэртэх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Эдгээр гэмтэл нь ихэвчлэн гар, хөл хугарах, толгой, нуруу, нурууны бүсэд доргилт авах зэрэг ноцтой хэлбэрээр илэрч байгааг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Иймд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс иргэдэд цана, чаргаар гулгахдаа хамгаалах малгай, өвдгөвч, тохойвч зэрэг хамгаалах хувцас хэрэгслийг заавал өмсөх, мөн зориулалтын, аюулгүй чарга, цана ашиглах нь гэмтлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтойг сануулав.
Мөн хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр өндөрлөг, аюултай газарт гулгахыг хориглож, эцэг эхчүүд хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулж байна.






