
2025 оны “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит цом болох “Мэргэн ном”- оор ” Чингис хааны тагнуулын нууц товчоо” судалгааны бүтээл шалгарсан билээ.
Чингис хааны тагнуулын нууц товчоо номын тухай хэн юу хэлэв?
“Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээл монгол судлалд шинэ чиглэл нээнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:
“Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээл Монгол судлалд шинэ чиглэл нээх, дэлхий нийтийн анхаарлыг “Монголын нууц товчоо” судлалд өмнөхөөс илүү хандуулах, эх түүхээ иргэддээ сонирхолтой байдлаар таниулж, “Монгол бахархал”-ын хүрээг тэлэх, үндэсний аюулгүй байдлын дархлааг нэмэгдүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Түүнчлэн Монголын ард түмэн нэгдсэн үзэл, ухамсартай байх үзэл санаа үгүйлэгдэж буй энэ цаг үед үндэстний бахархан нэгдэх үзэл санаагаар улс үндэстнээ нэгтгэж, эх орноороо бахархдаг, зүрх сэтгэлээрээ эх оронч үзэлтэй байх нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
С.Нарангэрэл: Оюуны эрдэнэсийн сан шавхагдашгүй гэдгийг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” ном дахин нотоллоо


Чингис хааны одонт, академич С.Нарангэрэл:
Монголчууд эрт дээр үеэс эрдэнэсийн сан гэхлээр одоогийнх шиг Төв (Монгол) банкандаа хадгалж байгаа алт эрдэнэс, үнэт чулуу, нэн ховор эд зүйлийг биш, харин хойч үедээ зориуд үлдээсэн, хэрэг болох үедээ уншиж судалж, цаашдын ажил үйлсэд нандигнан эрхэмлэж явах ухаарлаа нугалбар бичиг болгон, хүний нүднээс далдуур авдартаа хадгалж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн.
Ийм эрдэнэсийн сангийн нэгээхэн хэсэг нь “Монголын нууц товчоо” юм. Энэхүү цаглашгүй эрдэнэсийн сан руу нэвтрэн орж, нэгэн мэргэжлийн өнцгөөс онцгойлон харж, эл бүтээлийг зохиосонд олзуурхаад баршгүй.
Монголчууд бидний гайхамшигт өвөг дээдсийн оюуны эрдэнэсийн сан шавхагдашгүй гэдгийг эл бүтээл дахин нотолж байна.
Монголчуудын эрдэнэсийн санд хадгалагдаж буй өнгөрсөн цаг үе бол одоогийн хэсэг билээ.
Дэлхийн талыг эзэлсэн монгол ухааныг нээсэн бүтээл


Зохиолч Д.Урианхай:
Чингис хааны тагнуулын ухаан монголчуудын хувьд үеийн үед “атар” байсан сэдэв. Оюуны бяд шаардах нь ч их. Түүхэнд ингэж томоор харж, том агуулгаар судалсан бүтээл надтай номын ширээний ард лав таараагүй. “Чингис хааны тагнуулын нууц товчоо” номын түүхэн ач холбогдол нь монголчуудын оюуны хүч чадлыг далд эрдмээр баяжуулсанд, дэлхийн талыг эзэлсэн монгол ухааныг нээсэнд оршино.
Чингис хааныг мянганы суут хүн гэдгийг дэлхийд дахин тунхаглалаа


Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга асан Кога Исэй:
Монгол Улстай албан болоод хувийн шугамаар холбогдсоноос хойш 25 гаруй жилийг үджээ. Одоо ч мөн Япон Монгол хоёр улсын соёл, эдийн засгийн харилцааны талаар ухаан бодлоо уралдуулан сууна.
Хязгаар нь үл харагдах уудам тал нутгаар давхих бүрт “Чингис хаан юуг эрэлхийлэн байж хүн төрөлхтний хэн ч үл хүрэх Их эзэнт гүрнийг байгуулсан юм бол?” хэмээн боддог байв.
Харин “Чингис хааны тагнуулын нууц товчоо” хэмээх эл бүтээл тэрхүү нууцыг надад тайлж ойлгуулсан юм. Тэр нууцын түлхүүр бол “мэдээлэл”. Мэдээллийн урсгал асар цөөн байсан 800 жилийн тэртээ нүүдэлчдийн нийгэмд Чингис хаан ийнхүү “мэдээ” хийгээд “мэдээлэл хүргэх” ухааныг тунгаан бодон, систем (тогтолцоо) болтол хөгжүүлсэн түүнийг үнэхээр “Мянганы суут хүн” хэмээн дахин алдаршуулсан бүтээл болжээ.
Жон Ле Каррегийн бүтээлүүдийг санагдуулам орчин үеийн тагнуулын роман, сэтгэлзүйн өгүүллэгийн хэв маягаар бичигджээ


Австралийн Күйнсландын их сургуулийн судлаач, сэтгүүл зүйн багш, Австралийн ABC телевизийн Гадаад сурвалжлагч, Канадын CBC ба Австралийн ABC агентлагийн ахлах продюсер асан Брюс Вүүли:
Энэ гайхамшигт түүхэн судалгааны бүтээл нь зөвхөн Монгол судлалын мэргэжилтнүүдийн хүрээнд бус, илүү өргөн хүрээнд дэлхийн түвшинд уншигчдын хүртээл болж буйд баяртай байна. Тансаг хавтас, гоёмсог зураг, XIII зууны эх хэлний тансаг уран яруу найруулга бүхий хуудас бүрээс уншигчид шинэ мэдлэг, сэтгэл хөдөлгөм түүхийг олж авах нь олзуурхууштай.
Харин энэхүү шинэ ном нь “Монголын нууц товчоо”-ны гүнд нуугдсан үнэт эрдэнэсийг нээн харуулжээ. Тухайлбал, Чингис хааны төрөлхийн тагнуулч, сөрөг тагнуулын авьяас, цэрэг дайны ур чадвар, нөхөр, анд нөхдөдөө туйлын үнэнч, өгөөмөр байж чаддаг, харин дайсан болон урвагчдад хатуу шийтгэл үзүүлдэг зан чанарыг гүн гүнзгий дүрслэн гаргасан байна. Түүнчлэн тэр үеийн “хүн төвт сэтгэлзүйн судалгаа”, “нөхцөл байдлын дүн шинжилгээ” зэрэг гярхай суу ухааныг судлаачид онцлон гаргаж ирсэн нь сайшаалтай.
Энэ бол өргөн хүрээтэй, гүн гүнзгий судалгаанд тулгуурласан түүхэн бүтээл боловч зарим хэсэг нь Жон Ле Каррегийн бүтээлүүдийг санагдуулам орчин үеийн тагнуулын роман, сэтгэлзүйн өгүүллэгийн хэв маягаар бичигдсэн байна.
‘Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээл англи хэлнээ төгс орчуулагдан, дэлхийн уншигчдын хүртээл болж буй нь Монгол судлал болон дэлхийн түүхийн судалгаанд чухал ач холбогдол бүхий үйл явдал болж байна.
“Чингис хааны тагнуулын нууц товчоо” ном олон улсад оюуны өвийг таниулахад чухал нөлөө үзүүлж байна


“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд:
“Чингис хааны тагнуулын нууц товчоо” нь “Монголын нууц товчоо”-г тагнуул судлалын чиглэлээр шинээр нээхийг зорьсон анхны цогц судалгааны бүтээлд тооцогдож байна.
Олон улсын номын үзэсгэлэнгүүдэд Монголын тухай ном, бүтээлийг танилцуулахад уншигчдын хамгийн түрүүнд сонирхол татдаг сэдэв нь Чингис хааны дүр байдаг нь анзаарагдаж байв. Ийм нөхцөлд “Чингис хааны тагнуулын нууц товчоо” ном нь дэлхийн уншигчдын танил, сонирхол татах сэдвийг шинэлэг судалгааны өнцгөөр тайлбарласан бүтээл болж, Иран, Казахстан, Бүгд Найрамдах Солонгос Улс, БНХАУ-ын Бээжин, АНУ-ын Майами хотод болсон олон улсын нэр хүндтэй номын үзэсгэлэнгүүдэд уг бүтээлийг танилцууллаа. Үзэсгэлэнгийн үеэр Чингис хааны талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж, Их Монгол Улсын тагнуулын тогтолцоо, стратеги сэтгэлгээ, мэдээлэлд суурилсан төрийн удирдлагыг шинэ өнцгөөс харуулсан судалгааны чухал бүтээл хэмээн үнэлсэн.
Эл бүтээл нь Монголын түүх, тагнуулын ухаан, стратеги сэтгэлгээний өвийг орчин үеийн шинжлэх ухааны хэлээр дахин тайлбарлаж, үндэсний төдийгүй олон улсын түвшинд Монгол Улсын оюуны өвийг таниулах соёлын дипломат харилцааны бодит жишээ болж буй нь сайшаалтай.






