
Өнгөрсөн даваа гарагт Сөүл хотын Мапо дүүрэгт байрлах MBC сувгийн төв байранд 2025 MBC Entertainment Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрчээ.
Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын шилдгүүдийг шалгаруулдаг тус шагнал гардуулах ёслолын “Шилдэг хос”-ын шагналыг энэ жил “The Wonder Coach” нэвтрүүлгийн оролцогчид болох БНСУ-ын волейболын домогт тамирчин Ким Ён Кун, монголын волейболын тамирчин Ж.Энхсоёл (Энхүүш) нар хүртжээ.
“The Wonder Coach” шоу нэвтрүүлэгт волейболын спортоор 20 жил хичээллэсэн туршлагатай, Өмнөд Солонгосын волейболын алдартай тамирчин Ким Ён Кун волейболын шинэ баг бүрдүүлж буй тухай өгүүлэх ба нэвтрүүлгийн туршид Ким Ён Кун волейболын мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд багтаж, тоглох хүсэлтэй, тус спортын салбарт “нуугдсан” авьяаслаг тоглогчдийг олж нээн, Pilseung Wonder Dogs нэртэй баг байгуулах аж. Дасгалжуулагч Ким Ён Куны сонгосон тоглогчид волейболын спортод үлдэх хүсэл эрмэлзлээ харуулж батлах ёстой бөгөөд тус шоуны оролцогч Монголын волейболын тамирчин Энхүүш үзэгчдийн хайрыг хамгийн ихээр булаажээ.
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орон, гэр бүлийнхнийгээ орхин, танихгүй улсад ирсэн Энхүүш олон саад бэрхшээлтэй тулгарсан ч тэр болгоныг даван туулж, дасгалжуулагч Ким Ён Куны хэлсэн үг болгонд “за, за” гэж хариулж байгааг үзэгчид өхөөрдөн Нэпкүши гэдэг хоч хүртэл өгчээ.
Хичээл зүтгэлийнхээ ачаар Энхүүш БНСУ-ын мэргэжлийн волейболын JungKwanJang Red Sparks багийн бүрэлдэхүүнд багтаад байгаа ба тэрээр “The Wonder Coach” шоу нэвтрүүлгийн дасгалжуулагч Ким Ён Кунаас өөртөө итгэх итгэл, юмыг эергээр харах явдлыг сурсан гэжээ.
Эх сурвалж: Korea JoongAng Daly






