
Хойд Солонгосын KCNA агентлаг пүрэв гарагт Хойд Солонгосын цөмийн хөдөлгүүртэй анхны шумбагч онгоцны гэрэл зургуудыг нийтэлжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болох төлөвлөгөөг 2021 онд намын их хурлын үеэр дурдаж байсан ба Д.Трампын засаг захиргаа БНСУ-д ийм төрлийн шумбагч онгоцтой болохыг зөвшөөрснөөр Ким Жон Ун төлөвлөгөөгөө богино хугацаанд биелүүлэх зорилт тавиад байсан юм.
Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц нь усны гадаргуу дээр гаралгүй усан доор удаан хугацааны турш буюу олон сар жилээр байх чадвартай юм. Бусад шумбагч онгоцнуудтай харьцуулахад цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц илүү хурдан бөгөөд чимээ багатай хөдөлдөг аж. Өнөөдрийн байдлаар АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британи болон Энэтхэг зэрэг улс цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц эзэмшиж байна. KCNA агентлагийн нийтэлсэн гэрэл зургуудаас Ким Жон Ун шумбагч онгоцыг үзэж танилцахдаа охин Ким Жү Эг дагуулж явсныг харж болох юм.
Хойд Солонгосын удирдагч сүүлийн жилүүдэд охиноо дотоодын албан ёсны арга хэмжээнүүд төдийгүй гадаадын айлчлалдаа дагуулж явах болсон юм. Зарим шинжээчид Ким Жон Уныг охиноо Хойд Солонгосын дараагийн удирдагч болгохоор бэлдэж байна гэж харж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ким Жон Ун охиныхоо хамт Солонгосын хойгийн зүүн хойд зүгт баригдсан зочид буудал, аялал жуулчлалын бүсийн нээлтэд оролцсон юм.






