
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ. Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.






