
Өнгөрсөн баасан гарагт Майами хотын Kaseya Center аренад Америкийн инфлүүсэр Жек Пол мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуатай тулалдаж, 6-р үед нокаутаар ялагдсан билээ.
Тулааны үеэр Жек Полын эрүү хоёр газраа хугарч, тулааны дараа тэрээр хагалгаанд орж, эрүүндээ хоёр титан ялтас суулгуулж, хэд хэдэн шүдээ авхуулахад хүрсэн тухайгаа Ж.Пол нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэрээр, “Та бүхний хайр, дэмжлэгийн ачаар хагалгаа амжилттай болсон. Долоо хоног зөвхөн шингэн хүнсээр хооллох боллоо.” хэмээн хугарсан эрүүнийхээ рентген зургийг нийтэлжээ.
Эрүүний хугарал нь бокс болон холимог тулааны спортод элбэг тохиолддог гэмтлүүдийн нэг бөгөөд багадаа 4-6 долоо хоногийн дараа эдгэдэг аж.
Жек Пол, Энтони Жошуа хоёрын тулаан зарлагдсаны дараа олон нийт хоёр боксчин жингийн болон мэргэжлийн боксын спортод хуримтлуулсан туршлагын тал дээр асар зөрүүтэйг шүүмжилж байсан юм.
Нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай Ж.Пол эрүүнийхээ гэмтлийг эдгээснийхээ дараа мэргэжлийн боксын спортын cruiserweight (90.7 кг хүртэлх) жинд дэлхийн цолд хүрэх зорилт тавиад байгаа аж.
Мэргэжлийн боксын холбооноос тэмцээнд орохыг нь зөвшөөрсөн даруйд Ж.Пол cruiserweight жингийн ангилалд түүний дээр бичигдэж буй тамирчдаас эхний ээлжинд Пэт Браунтай тулалдаж болзошгүй талаар ажиглагчид онцолжээ. Пэт Браун мэргэжлийн боксын спортод ямар ч ялагдалгүй явж байгаа ба Жек Полтой рингэн дээр гарах нь түүний хувьд олон нийтэд танигдах томоохон боломж юм.
Эх сурвалж: Jakepaul






