
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болголоо.
2026 оны 6 дугаар сарын 20–23-ны өдрүүдэд “Морьтны парад”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Netflix баримтат киноны зураг авалт хийж, нийт 56 улсын төлөөлөл оролцохыг мэдээлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 7 дугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан бөгөөд адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгалаа.










