
УИХ-ын чуулганы үеэр гишүүн О.Алтангэрэл малчидтай холбоотой асуудлуудыг хөндлөө.
Тэрбээр “Дизель түлш олдохгүй байна. Малчдын портер, бонго машины гол “тэжээл” болох дизель түлш тасарснаас өвс тэжээлээ татаж чадахгүй, хоол хүнсээ авчирч чадахгүй хүнд байдалд орлоо. Амралтын өдрөөр хүүхдүүдээ дотуур байрнаас нь авчраад гэртээ хоёр хоноочхож ч чадахгүй байна. 92 шатахуун хүртэл тасалдаж эхэллээ. Улаанбаатар хотод ч очер дугаар үүсч байна.
Суманд нэг литр 92-ын үнэ шагийн үнэд хүрч, олдоц муудсанаас гадна 3300 төгрөг болсон. Би сая тойргоороо яваад ирэхэд бүр 3500 төгрөг болсон байлаа. Ийм байхад яаж амьдрах юм бэ? Үүн дээр нэмээд малчидтай холбоотой асуудлаар Малчны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэрийг байнгын хороогоор гаргачихсан. Мал, малчинтай холбоотой асуудал хэлэлцэж байхад хариуцсан сайд нь байхгүй. Бид нар юугаа хийж суух юм бэ, яагаад сэтгэл нь өвддөггүй юм?
Хээр гадаа отроор явж байгаа, нимгэн нойтон гэртэй, түлээ түлшгүй малчид үнэхээр ядарч байна. Сүхбаатарын талбайд ирж жагсах боломжгүй, хөдөө орон нутгаас ирж чадахгүй байгааг нь мэдсээр байж ингэж дээрэлхэж, боож байгаа юм уу? Малчин хүн болохоор нь үл тоож байгаа юм уу? Амьдрал нь үнэхээр хүнд байна. Гэтэл яг асуудлыг нь ярих болохоор хариуцсан албан тушаалтнууд нь ихэнхдээ байхгүй. Монгол Улс чинь одоо уул уурхайн сайдын хэлснээр хоёр УУЯ-тай болчихсон юм шиг л байна.” гэлээ.






