
Хонконгийн эрх баригчид засварын ажил явагдаж барилгуудын гадна талд татсан хамгаалалтын торнуудыг ирэх бямба гарагт гэхэд авч хаясан байхыг үүрэг болгожээ.
Өнгөрсөн 7 хоногт Хонконгийн Тай По дүүрэгт байрлах Wang Fuk Court хотхонд гал гарсны улмаас 159 хүн амь үрэгдэж, 31 хүн сураггүй алга болоод байгаа билээ. Уг хэргийг мөрдөж буй байцаагчид тус хотхоны гадна татсан хамгаалалтын тор нь галын аюулгүй байдлын стандартыг хангаагүй болохыг олж тогтоогоод байгаа ба галын аюулгүй байдлын зөрчил гаргаж, хүний амь хохироосон хэргээр багадаа 15 хүнийг баривчлаад байгаа юм.
Түүнчлэн уг хэрэг явдалтай холбоотойгоор Хонконгийн эрх баригчид ирэх 7 хоногт барилгын угсардаг шат, хамгаалалтын тор зэрэгт ашиглаж буй материалыг шалгах тухай шинэ зөвлөмж гаргахаар бэлтгээд байгаа аж.
Хонконгт өнөөдрийн байдлаар орон сууцны 200, нийтийн эзэмшлийн 10 барилгад засварын ажил явагдаж байгаа ба хотын удирдлагууд тэдгээр барилгуудын ашиглаж буй хамгаалалтын торнуудын материалыг шинжлэхээр сорьц авчээ.
Wang Fuk Court хотхонд гарсан гал тус хотхоны барилгуудын гадна татсан хамгаалалтын тор болон өөр бусад шатамхай материалуудаар дамжин хурдацтай тархсан юм. Галд өртсөн хотхоны барилгууд дотроос цагдаа нар 159 хүний цогцсыг олж, гаргаад байгаа ба тэдгээр цогцоснуудаас 49 эрэгтэй, 91 эмэгтэйг таниулж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: BBC






