
Шри-Ланкын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн Дитвах хар салхи их хэмжээний хур тунадас дагуулсны улмаас тус улсын нийслэл Коломбо хот усанд автжээ. Үер усны гамшгийн улмаас тус улсад 334 хүн амь үрэгдэж, 228 иргэн ор сураггүй алга болоод байгаа ба 25 мянга гаруй айл өрх усанд автаж, 147 мянган хүн орон гэрээ орхин хорогдох байранд байрлахад хүрчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Шри-Ланкын Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяаке өнгөрсөн бямба гарагт онц байдал зарлаж, олон улсаас тусламж дэмжлэг хүссэн байна. Өнөөдрийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаанд тус улсын зэвсэгт хүчнийхэн, тэнгисийн цэргийн хүчнийхэн болон агаарын нисэх хүчнийхэн, сайн дурынхан оролцож байгаа ба Энэтхэг, Пакистан, Япон зэрэг улс орнууд тус улсад тусламж дэмжлэг үзүүлж, онцгой байдлын албан хаагчдаа илгээхээ мэдэгджээ.
Зүүн Өмнөд Азийн орнуудад жил бүрийн 6-р сараас 9-р сарын хооронд тохиодог борооны улирал нь их хэмжээний хур тунадас, хөрсний нуралт, үер усны аюул дагуулдаг ч энэ жил тэдгээрийн нутаг дэвсгэрээр хар салхи дайран өнгөрсөн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Индонезид л гэхэд үер усны гамшгийн улмаас 442 гаруй хүн амь үрэгдэж, 402 хүн сураггүй алга болоод байгаа бол Тайландад багадаа 162 хүн амь үрэгдээд байна.






