
Монгол бахархлын өдөр өнөө жил арван нэгдүгээр сарын 21-ний баасан гараг буюу өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эзэн богд Чингис хаан буюу Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морь жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж үзэн Монгол бахархлын өдөр хэмээн бүх нийтээр жил бүр тэмдэглэж ирсэн.
Энэ өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд төрийн дээд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одон гардуулан, Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэн Чансаа өндөр хүчит бөхчүүд барилдаж, Чингис хааны суу алдрыг дээдлэн мөнхжүүлж, бахархан тэмдэглэдэг уламжлалтай билээ.






