
БНСУ-ын Physical:100 реалити шоуны анхны улирал 2023 оны 1-р сарын 24-нд нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар шуугиан тарьж, Netflix компанийн гадаад хэл дээрх хамгийн олон үзэгчтэй шоу болж чадсан юм.
Тус шоуны гаргасан амжилтын үндсэн дээр хоёр дахь улирал хийгдсэн нь 2024 оны 3-р сарын 19-нд Netflix-ээр цацагдаж эхэлсэн ба үзэлтийн тоогоороо дэлхийн 87 улсад тэргүүлж байв.
Physical:100 шоу олон улсын үзэгчдийн таашаалд нийцэж, томоохон амжилт үзүүлснээр Netflix компани өөр өөр улсын оролцогчдыг хамруулсан Physical: Asia реалити шоуг санаачилжээ. Тус шоунд БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали болон Филиппин зэрэг 8 улсын 48 тамирчин 1 тэрбум воны шагналын төлөө өрсөлдөж байгаа билээ.
Өнөөдөр та бүхэнд тус тэмцээнд оролцож буй БНСУ-ын багийг танилцуулъя

- Physical:100 шоуны 2-р улирлын ялагч Амотти буюу Ким Жэ Хон нь Өмнөд Солонгосын кроссфитчин болон YouTube контент бүтээгч. Сахилга бат, хүч чадлаараа алдартай тэрээр 2013 оны 12-р сард цэргийн хугацаат албаа хааж дууссаныхаа дараа кроссфитээр хичээллэж эхэлжээ. 2019 онд Амотти CrossFit Open тэмцээний 6-р байрт, кроссфитын Aзийн аварга шалгаруулах тэмцээний 2-р байранд орж байжээ.
2021 онд Амоттм Steel Troops нэртэй реалити шоунд оролцохоор сонгогдсон байсан ч зураг авалтаас 2 долоо хоногийн өмнө машины осолд орсноор тус шоунаас хасагджээ. Уг үйл явдлаас болж Амотти тэмцээн уралдаанд оролцохоо түр хойшлуулж, фитнесс контент бүтээх дээрээ анхаарч эхэлсэн байна. 2023 онд тэрээр Show Me the Body бодибилдингийн тэмцээнд түрүүлж, 20 сая вон хожиж байжээ.
2024 онд Амотти Канадын Lululemon спорт брендийн нүүр царай болсон юм. Түүнчлэн 2024 оны 8-р сарын 17-нд тэрээр олон жил үерхсэн найз бүсгүйтэйгээ гэрлэжээ.


- Багийн ахлагч Ким Дон Хён буюу Stungun нь UFC-гийн хагас жингийн ангилалд өрсөлдөж байсан холимог тулаанч юм. UFC-д орохоосоо өмнө Ким Дон Хён Японы DEEP, БНСУ-ын Spirit MC холимог тулааны байгууллагуудын дэвжээнд тулалдаж, карьераа эхлүүлж байжээ.
UFC-д өрсөлдөх хугацаандаа Ким Дон Хён 2014 онд тус спортын түүхэнд spinning elbow техникийг ашиглан өрсөлдөгчөө нокаутад оруулсан анхны тамирчин болсон юм. Тэрээр цагтаа Хабиб Нурмагомедов, Рори МакДоналд, Конор МакГрегор, Александр Густафссон нарын хамт гадаадын шилдэг 5 холимог тулаанчдын тоонд багтаж байсан түүхтэй аж.
Ким Дон Хён эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг аж.


- Iron man хочтой, 31 настай Юн Сун Бин нь 2012 онд 18 настайгаасаа скелетон чарганы спортоос хичээллэж эхэлжээ. Хичээллэж эхлээд гуравхан сарын дараа БНСУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2012-13 онд анхныхаа олон улсын тэмцээнд буюу Хойд Америкийн цомын тэмцээнд оролцжээ.
2014 онд тэрээр улсаа төлөөлөн Сочигийн Өвлийн Олимпын наадамд оролцсон ба 2017-18 оны Скелетон чарганы Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн анхны Азийн тамирчин болж байжээ.
2018 онд Пёнчаны Өвлийн Олимпын наадмаар алтан медал хүртэж, уран гулгалтаас бусад өвлийн спортын төрөлд Олимпын аварга болсон БНСУ-ын анхны тамирчин болсон юм.
Юн Сүн Бин 2023 онд Physical:100 шоунд оролцож, олон улсад танигдсан ба 2024 оны 3-р сард түүнийг Өмнөд Солонгосын хамгийн алдартай охидын TWICE хамтлагийн ахлагч Пак Жихётэй үерхэж буй талаар мэдээ гарсан юм.


- Мангас хочтой Ким Мин Жэ нь БНСУ-ын багийн хамгийн залуу бөгөөд хамгийн хүнд жинтэй гишүүн юм. 23 настай Мин Жэ Солонгосын уламжлалт ссирым бөхийн спортод сүүлийн жилүүдэд тэргүүлж яваа тамирчин юм.
Тэрээр 2022 онд анхны том тэмцээндээ оролцож, тухайн ондоо багтаан 1985 оноос хойш ссирым бөхийн их наадамд түрүүлсэн анхны оюутан тамирчин болжээ.
2024 онд Ким Мин Жэ ссирым бөхийн 6 том тэмцээнд түрүүлсэн ба 2024 онд хийсэн бүх барилдаануудынхаа 90 хувьд нь ялалт байгуулжээ. 190 см өндөр, 140 кг жинтэй тэрээр Physical: Asia шоунд Солонгосын үндэсний уламжлалт спортын төлөөлөл болж оролцож байгаа цорын ганц оролцогч юм.


- БНСУ-ын багийн хоёр эмэгтэй тамирчны нэг, Өмнөд Солонгосын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Жан Ын Шил. Тэрээр БНСУ-ыг төлөөлөн 17 жилийн турш чөлөөт бөхийн тэмцээн уралдаанд оролцож иржээ. 2023 онд Physical: 100 шоунд оролцох явцдаа Жан Ын Шил эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй хүч чадал, тэсвэр тэвчээртэйг харуулж чадсан билээ.
33 настай тэрээр 2022 оноос эхлэн кроссфиттээр идэвхтэй хичээллэж, гадаад дотоодын тэмцээнүүдэд оролцож ирсэн ба 2022 оны CrossFit HOLA тэмцээнд түрүүлж, дотооддоо 30-д эрэмбэлэгдэж байжээ. 172 см өндөр, 62 кг жинтэй тэрээр 7 хоногийн 5-6 өдөр, өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг тухайгаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.


- Өмнөд Солонгосын багийн хоёр дахь эмэгтэй гишүүн мэргэжлийн кроссфитын тамирчин, дасгалжуулагч Чой Сэн Ён. Тэрээр БНСУ-ын хамгмйн алдартай фитнесс төвүүдийн нэг болох CrossFit Limelight төвд бэлтгэлээ хийхийн хажуугаар дасгалжуулагч хийдэг аж.
Physical: Asia шоунд оролцохоосоо өмнө 26 настай Чой Сэн Ён дотооддоо төдийгүй гадаадад хэдийн кроссфитын шилдэг тамирчин гэдгээрээ танигдсан нэгэн байжээ. Тэрээр 2021 онд кроссфитын спортын шилдгүүдийн тоонд багтаж, 2022, 2024, 2025 онд кроссфитын Азийн шилдэг 3 тамирчны нэгээр тус бүр шалгарчээ.
Эх сурвалж: Life Style Asia






