
Ирэх оны улсын төсвөө батлах гэж ур чаддварын сорилтод орсон 126 гишүүн 32 их наядын төсвийнхөө тоонуудын учрыг олж, улс төрийн ньюансыг тайлах гэсээр 70 хоног бэдэрлээ.
Тэдэнд энэ 7 хоногийн ажлын 5 өдрөөс өөр хугацаа үлдээгүй, Deadline дээрээ тулчихсан.
Гэвч гадаа хүйтэрч, багш, эмч нарын ажил хаялт, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудал улс төрчдийн “хоолойд нь хутга” тулгачихсан байдаг.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг гараад 20 шахам хонож байхад Багш, эмч нарын цалин нэмэх, ахмадын тэтгэвэр нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаа олж, 2026 оны төсөвтөө тусган батлуулах ёстой ч эцэстээ Төсвийн байнгын хорооны дарга буюу Ажлын хэсгийн дарга нь улаан, ногоон лааз өргөн гишүүдийнхээ саналыг удирдаж, увайгүйтэж эхэллээ.
Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ундааны улаан, ногоон лааз өргөвөл бусад гишүүд нь дагаад тэр өнгийн кноп дарж буй зураг, бичлэгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун цахим орчинд нийтэлсэн.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Ногоон шүү” гээд орилж байгаа нь тодорхой сонсогдож, ногоон лааз өргөн бусаддаа дохио өгөх, бусад нь тоть шиг давтан ногоон, ногоонх, ногоон гэлцэн дарах жишээтэй.
Энэ нь ногоон нь “дэмжинэ”, улаан нь “дэмжихгүй” кноп гэсэн утга.
Тэрбээр харин энэ талаар нь асуусан сэтгүүлчид хариулахдаа бухимдалтай, эгдүүцэн үгүйсгэж харагдсан.
УИХ-д суугаа “Амьгүй албат” гэж хэлж болохоор энэ үйлдэл олонх, цөөнхийн аль альд л хамаатай.
Ирэх ондоо Монгол Улс төсвөө хэрхэн, юунд зарцуулах тухай ийм чухал хууль хэлэлцэж байхад ард түмний саналаар олж авсан суудлаа ингэж буруу ашиглан, кноп дарах шийдвэрээ өнгийн лаазаар удирдуулж байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
– УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын гаргасан “Төрийн урсгал зардлыг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэврийг 24 хувиар нэмэгдүүлэх”,
– УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гаргасан “Төрийн урсгал зардлыг бууруулж, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх” саналуудыг лаазаар удирдан унагаж, оронд нь 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо хувааж оруулсан хэмээж буй.
Угтаа бол УИХ-ын гишүүн байр суурь, саналаа өөрийн чөлөөт итгэл үнэмшлээр, өгөх үүрэгтэй. Гэвч тэд өнгийн лааз харж, дэмжинэ, дэмжихгүй кнопоо дарж, төсвийн мөнгийг увайгүй аргаар хуваан, хулгайлж буй нь УИХ-ын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэсэн тангарагаа зөрчиж байгаа бус уу?






